Сурах бичиг худалдан авахдаа хариуцлагатай хандахыг зөвлөв
Ашиг олох зорилгоор хувь хүмүүсийн бичсэн зүй бус үг, хэллэг, алдаа мадагтай, эсвэл насанд хүрэгчдэд зориулсан ном, товхимлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр хэвлэж, ерөнхий боловсролын сургуульд үздэг сурах бичиг мэтээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, ташаа мэдээлэл түгээж байна.
ЕБС-д зөвхөн яамны зөвшөөрлөөр хэвлэсэн сурах бичгийг хэрэглэдэг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ ном худалдан авах буюу бусдад бэлэглэхдээ зураг, чимэглэл, үг хэллэгийн зохистой байдал, хүмүүжлийн ач холбогдол, нөлөөллийг нь анхаарч, хариуцлагатай хандаж, ирээдүй үеийнхээ оюун санааг хайрлан хамгаалахыг БШУЯ-наас зөвлөж байна.
2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн сурах бичгийг худалдаалахгүй, сургуулийн номын сангаар дамжуулан олгодог болсон. Бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын дэмжлэг шаардлагатай тодорхой хувийг төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангадаг. Үлдсэн сурагчдын хувьд сурах бичгээ сургуулийн номын сангаас төлбөртэй ашиглаж, хичээлийн жилийн төгсгөлд буцаан өгдөг. Төлбөртэй үйлчилгээний хөлс нь дараа жилийн нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэх санхүүжилтийн эх үүсвэр болдог хэмээн БШУЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.