"Чөлөөлөх дайн дахь Монгол Улсын оролцоо" олон улсын хурал болно
“Дэлхийн II дайны төгсгөл: Манжуурын стратегийн давшилтын ажиллагаанд Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал манай улсад 9 дүгээр сарын 2-нд болно.
Хурлыг ОХУ-ын Холбооны хамтын ажиллагааны "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар 1945 оны Чөлөөлөх дайны 75 жилийн ойд зориулан манай улсын Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Тагнуулын ерөнхий газартай хамтран цахимаар зохион байгуулах юм.
Хурлаар Чөлөөлөх дайнд Монгол Улсын оролцсон байдал, Аугаа их эх орны дайны он жилүүдэд Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид үзүүлсэн түүхэн тусламжийг дахин сануулж, хурлын үйл ажиллагааг дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай "Россотрудничество" агентлаг гадаад улс орнууд дахь Оросын шинжлэх ухаан, соёлын 74 төвөөр дамжуулан олон улсын үзэгчдэд хүргэхээр бэлтгэл ажлаа хамтарсан хүчээр эхлээд байна.
Хурлын үеэр өмнө нь нийтэд огт дэлгэгдэж байгаагүй, архивын хосгүй үнэт, нэн ховор баримт, гэрэл зураг, дуу дүрс бичлэг, эд өлгийн үзмэрийг анх удаа эх хувиар нь дэлгэсэн цогц үзэсгэлэнг зохион байгуулахаар болж, энэ талын ажлын хэсэгт Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын тусгай архив хамтран зохион байгуулагчаар оролцохоор болжээ.
Энэ талаар зохион байгуулагч, ОХУ-ын "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Амгалан Базархандаев хэлэхдээ, "Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас хамтарсан арга хэмжээнд оролцох болсноор үзэсгэлэнд нэгэн содон өнгийг нэмээд зогсохгүй, хоер орны түүхчид болон судлаачдын сонирхлын төвд байх нь гарцаагүй" хэмээн онцоллоо.
Түүнчлэн, түүхэн ойд зориулах цогц бүрэлдэхүүнт арга хэмжээний үеэр Зөвлөлтийн Улаан арми болон Монгол дайчдын гавьяаг мөнхжүүлсэн уран зураг, уран баримлын галлерей зочдын сонирхлыг татах нь лавтай гэдгийг тэрээр хэлэв.
Үзэсгэлэн болон олон улсын хурлыг зохион байгуулах ажлын хэсэгт Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүхийн төвийн захирал, түүхийн ухааны доктор хошууч Т.Сүхбаатар, Батлан хамгаалахын Төв архивын эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Ж.Гантулга, Монгол цэргийн музейн ерөнхий менежер дэд хурандаа Л.Гантөмөр, Маршал Г.К.Жуковын дурсгалын музейн эрхлэгч, хошууч Д.Амартайван, Улсын хилийн музейн эрхлэгч хошууч Т.Нямчимэг, тус музейн сан хөмрөгийн бүртгэл хөтлөгч П.Нарангэрэл, Архивын ерөнхий газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, түүхийн ухааны магистр Б.Ринчинноров, эрдэм шинжилгээний ажилтан, түүхийн ухааны докторант Г.Сэр-Од, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ныг төлөөлж ЭСЯ-ны зөвлөх, "Россотрудничество" агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Оросын шинжлэх ухаан, соёлын төв (ОШУСТ)-ийн захирал Базархандаев А.Р, Цэргийн болон цэргийн нисэх хүчний атташе хурандаа П.Г.Анисов нар ажиллаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.