“Brent” маркийн нефтийн үнэ 40 ам.доллароос доошилж унажээ

“Brent” маркийн нефтийн үнэ 40 ам.доллароос доошилж унажээ

Түүхий эдийн зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтийн тэнцэл алдагдах вий гэсэн хөрөнгө оруулалтын болгоомжлол нэмэгдэж буйтай холбоотойгоор баасан гаргийн өглөө нефтийн үнэ унажээ.

Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 0.37 хувиар буурч, нэг торх нь 39.91 ам.доллар болжээ. Түүнчлэн “WTI” маркийн нефтийн 10 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 37.2 ам.долларт хүрч 0.27 хувиар унасан байна.

Коронавирусний цар тахал шатахууны эрэлтэд ноцтой дарамт учруулсаар байна. АНУ-ын нефтийн арилжааны нөөц есдүгээр сарын 4-нд дууссан долоо хоногт 2 сая торх буюу 0.4 хувиар нэмэгдэж, 500.4 сая торх болсон талаар тус улсын Эрчим хүчний яам пүрэв гарагт мэдээлсний дараа хөрөнгө оруулагчдын итгэл улам буурчээ.

Нефтийн нөөц ийнхүү нэмэгдсэн нь Америкийн нефть боловсруулах үйлдвэрүүд Мексикийн булан болон бусад бүс нутгуудад болсон хүчтэй шуурганы улмаас хаагдсаны дараа олборлолтоо бүрэн сэргээгээгүй байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.