“AstraZeneca” компани вакциныхаа туршилтыг сэргээжээ
Их Британи-Шведийн хамтарсан “AstraZeneca” эмийн үйлдвэрийн компани болон Оксфордын их сургуулийн судлаачдын хамтран гарган авсан коронавирусний вакцины эмнэлзүйн туршилт Их Британид дахин эхэллээ. Энэ талаар тус компани бямба гарагт мэдэгджээ.
Их Британийн Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын агентлаг (MHRA)-аас “AZD1222” вакциныг аюулгүй болохыг баталгаажуулсны дараа вакцины эмнэлзүйн туршилтыг сэргээсэн байна. "Туршилтын явцыг үнэлэх стандарт үйл явц үргэлжлэх үеэр бид бие даасан комисс болон зохицуулах байгууллагуудад вакцины аюулгүй байдлын мэдээллийг шалгах боломж олгохын тулд дэлхий даяар явуулж буй туршилтаа түр зогсоох шийдвэрийг сайн дурын үндсэн дээр гаргасан билээ. Их Британийн комисс шалгалтаа дуусаж, туршилтыг сэргээхэд эрсдэлгүй болохыг “MHRA”-д мэдээлсэн" гэж “AstraZeneca” компанийн мэдэгдэлд дурдсан байна.
Сайн дурынхны нэгнийх нь бие муудсан шалтгааныг олж тогтоох зорилгоор Их Британи, Бразил, АНУ, ӨАБНУ, Япон болон ОХУ-д явуулж байсан вакцины эмнэлзүйн гурав дахь шатны туршилтыг урьд нь зогсоосон юм.
“AstraZeneca” компанийнхан вакцин хийлгэсний улмаас гаж нөлөө илэрсэн байж болзошгүй өвчтөний эрүүл мэндийн талаарх мэдээллийг задлах боломжгүй гэж мэдэгджээ. Гэхдээ тус компани уг явдалтай холбогдуулан судалгаанд оролцогчид болон тэдгээрийг зохион байгуулагчдыг шинэ мэдээллээр хангахаа амласан байна. Вакцин хийлгэсэн нэгэн эмэгтэйд нугасны үрэвсэл үүссэн гэж хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгслээр өмнө нь мэдээлсэн юм. Энэ нь ховор тохиолдол боловч вакцинтай холбоотой гарсан гаж нөлөө байж болзошгүй аж. Есдүгээр сарын 9-нд “AstraZeneca” энэ мэдээллийг үгүйсгэж, уг онош эцэслэн тогтоогдоогүй байгаа гэж мэдэгджээ.
Вакцины туршилт
“AstraZeneca” компани ойрын хугацаанд 50-60 мянган сайн дурынханд вакцин хийхээр төлөвлөж байгаа аж. Үүний 30 мянга нь АНУ-ын иргэд бөгөөд тус улсад туршилтын гуравдугаар үе шат наймдугаар сарын эцэст эхэлжээ. ОХУ-ын хувьд зөвхөн туршилтад оролцогчдыг сонгох үйл явцыг эхлүүлсэн байгаа бөгөөд одоог хүртэл вакцин хийгээгүй байгаа аж.
Рекомбинант вирусний вектор буюу өвчний нарийн нийлмэл халдварын процессын эсрэг дархлаа үүсгэдэг ДНХ бус бодис ба өөр нэг микро-организмын физиологитой хоршуулах аргаар гаргасан авсан “AZD1222 SARS-CoV-2” вакцин нь одоогоор шинэ төрлийн коронавирусний эсрэг хамгийн ирээдүйтэй вакцины нэгд тооцогдож байгаа юм. “AstraZeneca” уг вакциныг дөрөвдүгээр сараас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд хэрэв хангалттай үр дүн үзүүлсэн тохиолдолд 3 тэрбум орчим тун үйлдвэрлэх үйлдвэрлэлийн хүчин чадлаа дэлхий даяар бүрэн хангажээ. Тус компани АНУ-д 400 сая тун вакцин, түүнчлэн Итали, Нидерланд, Франц, Герман зэрэг Европын орнуудад 400 сая тун, Их Британид 100 сая тун вакцин нийлүүлэх урьдчилсан гэрээ байгуулсан байна. Мөн хөгжиж буй орнуудад 1 тэрбум гаруй тунг нийлүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.