Сэтгүүлчдийг хөнөөсөн хэргүүдийг сайтар шалгахыг уриалжээ

Сэтгүүлчдийг хөнөөсөн хэргүүдийг сайтар шалгахыг уриалжээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш сэтгүүлчид рүү халдах явдал ихсэж байгаад түгшиж буйгаа илэрхийлээд, холбогдох байгууллагуудын эрх баригчдад хандан ийм хэргүүдийг нарийн мөрдөн шалгахыг уриалжээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррикын баасан гарагт НҮБ-ын цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурдсан байна.

Мексикийн зүүн нутгийн Веракрус мужид ажилтныг нь хөнөөсөн тухай “Diario El Mundo” сонин урьд нь мэдээлсэн юм.

"Дэлхийн улс орнуудад сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн ажилтнуудын эсрэг халдлага нэмэгдэж байгаад Ерөнхий нарийн бичгийн даргыг түгшиж байна. Саяхан Веракрус мужид “Diario El Mundo” сонины сэтгүүлч Хулио Вальдивиа Родригезийн амийг хөнөөсөн хэрэг гарсан нь дэлхийн өнцөг булан бүрт маш олон сэтгүүлч аюултай, хүнд нөхцөлд ажиллаж байгаагийн бас нэг жишээ юм" гэж Дюжаррик тэмдэглэсэн байна.

Түүний хэлснээр, Гутерриш сэтгүүлчдэд чиглэсэн бүх халдлагыг буруушааж, холбогдох байгууллагуудыг сайтар мөрдөн шалгаж, буруутай этгээдүүдийг хариуцлагад татахыг уриалжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.