Гадаадаас ирэх байсан иргэд Н.Энхтайван сайдад хандлаа
Арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн тусгай үүргийн зарим нислэг цуцлагдсантай холбоотойгоор "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-аас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэл
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван танаа
Хүсэлт хүргүүлэх тухай
Монгол Улсад үүсээд буй нөхцөл байдал болон хөл хорио, цар тахалаас сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгөхдөө арваннэгдүгээр сарын 19-ны Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг үйлдэхгүй болсон тухай гэнэт мэдэгдлээ.
Энэхүү гэнэтийн мэдэгдлээс шалтгаалж маш олон орноос тус нислэгт суухаар нэрс нь баталгаажсан олон иргэдийн хувьд амьдрах байргүй, хоол хүнсгүй болох аюулд орж, мөн дамжиж суухаар өөртөө байгаа бүхий л мөнгөөр буцаах боломжгүй хатуу нөхцөлтэй онгоцны зардалдаа төлсөн гэх зэргээр хохироход хүрлээ.
Монгол Улсдаа бий болсон гэнэтийн нөхцөл байдлыг нэг талаас ойлгож байгаа хэдий ч нислэгээр явахаар байсан иргэдийн амь нас, эрүүл мэндэд гэнэтийн эрсдэл учрах аюул тулгарч, эрх эрх чөлөө нь зөрчигдөж байна.
Улсын дотоодод асуудал байна гээд улсынхаа иргэдийг гадаад улс орнуудад гудамжинд хөсөр хаяж хэрхэвч таарахгүй гэж үзэж байна. Эдгээр иргэдийн дотор бага насны хүүхдүүд багтаж байгаа нь бүр ч анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал юм.
Иймээс энэ асуудлыг Улсын онцгой комисс, ГХЯ анхаарч эдгээр иргэдийн талаар тодорхой арга хэмжээ авахуулахыг танаас хүсэж байна.
"Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ
2020.11.13
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.