Стивен Бигун БНСУ-д энэ долоо хоногт айлчилна
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Стивен Бигун БНСУ-д энэ долоо хоногт айлчилж, хоёр талын харилцааны асуудлууд, БНАСАУ-тай өрнүүлэх цөмийн хэлэлцээний талаар хэлэлцэхээр болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дөрвөн жилийн бүрэн эрхийн хугацаа дуусах гэж байгаа тул мягмар гаргаас эхлэх дөрвөн өдрийн айлчлал нь С.Бигуны хувьд Төрийн нарийн бичгийн даргын орлогч, БНАСАУ-ын асуудал хариуцсан төлөөлөгчийн хувиар Сөүлд хийж буй сүүлийн айлчлал болох төлөвтэй байна.
“С.Бигун АНУ-БНСУ-ын эвсэл, бүс нутгийн аюулгүй, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө өгсөн үүрэг амлалтын талаар болон БНАСАУ-тай нягт харилцаа холбоогоо үргэлжлүүлэх тухай БНСУ-ын төлөөлөгчидтэй хэлэлцэнэ” гэж Төрийн департамент өнөөдөр мэдээлжээ.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч лхагва гарагт БНСУ-ын цөмийн хэлэлцээний гол төлөөлөгч Ли Ду Хунтай уулзаж, БНАСАУ-ын цөмийн хэлэлцээний талаар хэлэлцэхийн өмнө Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Чой Жон Кунтай уулзах ажээ.
БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва баасан гарагт түүнтэй хүндэтгэлийн зоог барина. Мөн тэрбээр Улс үндэстнээ нэгтгэх яамны сайд Ли Ин Ёнтой уулзахаар товлосон байна. Түүнчлэн С.Бигун судалгааны хүрээлэнд илтгэл тавих төлөвтэй байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.