Сөүлд өнөөдрөөс фитнесс клуб, караоке, бааруудыг хаалаа
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол арванхоёрдугаар сарын 08-ны 00.00 цагийн байдлаар 594-өөр нэмэгдэж, нийт 38,755-т хүрэв.
Шинээр илэрсэн 594 тохиолдлын 28 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Нийт 29,650 (+349) иргэн эдгэрсэн бол 552 (+3) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 3,221,325 (+11,949) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 3,111,296 (+8,091) иргэний хариу сөрөг гарч, 71,274 (+3,264) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,553 (+242) иргэн байна.
Сүүлийн өдрүүдэд Өмнөд Солонгост бүртгэгдсэн коронавирусний халдварын тоо огцом нэмэгдсэн тул нийслэл Сөүл хот болон түүний орчимд хорио цээрийн дэглэмийг чангаруулах болсныг БНСУ-ын Засгийн газар өнгөрсөн ням гаригт зарласан. Тус улсад ихэнх газруудын үйл ажиллагааг зогсоож, нийтийн тээврийг оройн цагаар 30 хувь бууруулах шийдвэр гаргасан нь урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй хөл хорионы арга хэмжээ болсон юм.
Өнөөдрөөс эхлэн Сөүл орчимд 50-аас дээш хүн цуглахыг хориглож, фитнесс клуб, караоке, бааруудыг хааж, шашны цугларалтыг зөвхөн онлайнаар явуулахаа болсон. Мөн сургуулийн анги танхимд хичээллэх хүүхдийн тоонд хязгаар тогтоожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.