Израилд өнөөдрийн байдлаар 471 мянга гаруй хүн халдвар авч, 3552 хүн нас барсан
Израилд 16-гаас дээш насны бүх иргэнийг ирэх гуравдугаар сарын эцэс гэхэд вакцинжуулах боломжтой гэж тус улсын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху пүрэв гарагт мэдэгджээ. Б.Нетаньяхугийн ажлын албанаас мэдээлснээр, Израилд 16 болон түүнээс дээш насны бүх хүнийг вакцинжуулах “Хэвийн амьдралдаа эргэн орохуй” нэртэй хөтөлбөр эхэлж байгаа ажээ.
“Бид “Pfizer” компаниас нэмж вакцин авахаар тохиролцсон. Үүний хариуд манай улс вакцин хийлгэсэн хүмүүсийнхээ статистик мэдээллийг тус компанитай хуваалцахаар болсон” гэж Б.Нетаньяху мэдээлжээ.Мөн Израил “Moderna” компанийн вакцины эхний хэсгийг пүрэв гарагт хүлээн авсан бөгөөд “Pfizer”-ийн вакцины дараагийн нийлүүлэлт ням гарагт ирэх ажээ.
Есөн сая гаруй хүн амтай Израилд вакцинжуулалтын хөтөлбөрийг 12 дугаар сарын 19-нд эхлүүлсэн юм. Эрүүл мэндийн яамны мэдээллээр, пүрэв гаргийн байдлаар 1.5 сая гаруй хүнд /хүн амын 17 орчим хувь/ вакцины эхний тунг хийжээ.
Израилд өнөөдрийн байдлаар 471 мянга гаруй хүн халдвар авч, 3552 хүн нас барсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.