Вашингтонд тогтоосон хөл хориог 15 хоногоор сунгалаа

Вашингтонд тогтоосон хөл хориог 15 хоногоор сунгалаа

АНУ-ын нийслэл Вашингтон хотын дарга конгрессын ордонд болсон үймээнтэй холбогдуулан нийслэлийн бүсэд тогтоосон нийтийн онцгой байдлын дэглэмийг 15 хоногоор сунгах шийдвэрлэжээ. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа буюу 1-р сарын 21-н хүртэл хэрэгжих энэхүү дэглэмийн дагуу шаардлагатай тохиолдолд шөнийн хөл хориог сэргээх юм байна.

АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүнийг дэмжигчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэн конгрессын ордон руу дайран орж,  конгрессын чуулганы үйл ажиллагааг тасалдуулан, жагсагч цагдаа нарын мөргөлдөөн үүссэн. Үймээний улмаас 4 хүн амь насаа алдаж, хэд хэдэн хүнийг баривчилсан байна. Вашингтоны цагдаа хүч нэмэгдүүлэн, жагсагчдыг тарааж, нөхцөл байдлыг хяналтандаа авчээ. 1793 онд баригдсан Капитол хиллд АНУ-ын конгресс, холбооны засгийн газрын зарим салбар нэгж байрладаг. Хамгийн сүүлд 1814 онд Капитол Хилл ордныг Британийн эзэнт гүрний цэргүүд эзэлж байсан түүхтэй юм байна. Америкийн орчин үеийн түүхэнд хууль тогтоох байгууллагын байранд халдсан тохиолдол гарч байгаагүй. Үүнийг дэлхийд үлгэр жишээ АНУ-ын ардчиллын үнэт зүйлд аюул учруулахуйц үйл явдал гэж үзэж, Трампын засаг захиргааны зарим өндөр албан тушаалтанд албан үүргээсээ огцорч байгаагаа мэдэгдэж байна.  Капитол Хиллд болсон үймээний дараа дэлхийн олон орны эрх баригчид Америкийн ардчилалд аюул учруулахуйц үйл явдал боллоо гэж тодорхойлж, төрийн эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг тайван замаар хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн АНУ-ын бизнесийн том компаниудын удирдлагууд болсон үйл явдалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, эрх мэдэл шилжүүлэх үйл явцыг тайван замаар явуулахыг уриалсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.