Алексей Навальныйгийн гэр бүлийн гишүүд болон хамтран зүтгэгчдийг 48 цаг саатуулсан байна.
ОХУ-ын цагдаа нар сөрөг хүний удирдагчдын нэг Алексей Навальныйгийн гэр болон ажлын байранд нэгжлэг хийж, түүний гэр бүлийн гишүүд болон хамтран зүтгэгчдийг 48 цаг саатуулсан байна. Тэднийг хөл хорионы дэглэм зөрчсөн үндэслэлээр шалгаж буй юм байна.
Алексей Навальныйг Германд эмчлүүлээд энэ сард эх орондоо ирмэгц нь тэнсэн харгалзах ялын нөхцөлийг зөрчсөн үндэслэлээр баривчилж, 30 хоногийн хугацаатай саатуулсан. Түүнд хөл хорионы дэглэм зөрчсөн, иргэдийг зөвшөөрөлгүй жагсаалд уриалсан үндэслэлээр шинээр хэрэг үүсгэжээ.
Хэргийг мөрдөн шалгах хүрээнд түүний гэр болон ажлын байранд нэгжлэг хийж, түүний дүү Олег Навальныйг баривчилсэн юм байна. Оросын цагдаа нар өнгөрсөн 7 хоногийн амралтын өдрүүдэд Оросын 100 гаруй хотод болсон жагсаалаас хойш Москва хотод 30 гаруй байршилд нэгжлэг хийжээ.
Жагсаалын үеэр 4000 орчим хүнийг баривчлан саатуулж, Москва, Санктпетербург болон бусад хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал өдөөсөн, хууль бус жагсаалд насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан, цагдаа нарын эсрэг хүч хэрэглэсэн, зам хаасан, танхайрсан, эд хөрөнгө сүйтгэсэн зэрэг зүйл ангиар хэрэг үүсгэн, мөрдөн шалгалт эхлүүлсэн байна. Алексей Навалныйг дэмжигчид энэ ням гарагт ОХУ даяар дахин эсэргүүцлийн жагсаал хийхээр төлөвлөж байгаагаа мэдээлээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.