БНХАУ, АНУ-д харилцаагаа сэргээхийг зөвлөжээ

БНХАУ, АНУ-д харилцаагаа сэргээхийг зөвлөжээ

БНХАУ-ын “China Daily” сониноос зохион байгуулдаг “Vision China” цахим үйл ажиллагаанд оролцогчид сэв суусан харилцаагаа сэргээхийг БНХАУ, АНУ-д уриалжээ. 
Мөн хоёр орны ард түмэн төдийгүй дэлхий дахинд үр ашигтай эерэг бодлогуудыг хэрэгжүүлэх чиглэлд Бээжинтэй харилцаагаа сэргээхийг АНУ-ын шинэ засаг захиргаанд уриалсан байна.

БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Ле Ючэн “Vision China” үйл ажиллагааны үеэр үг хэлэх үеэрээ АНУ-БНХАУ-ын харилцаанд шинэ он шинэ эхлэлийг авчирна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тангараг өргөх үеэрээ ард иргэддээ эвлэн нэгдэхийг нэг бус удаа уриалсныг тэрбээр иш татаад, Хятад-АНУ-ын харилцаанд ч яг ийм зүйл хэрэгтэй хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна.

Энэ онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжер БНХАУ-д түүхэн айлчлал хийсний зэрэгцээ "пин-пон" дипломат ажиллагааны эхлэл тавигдсаны 50 жилийн ой тохиож байгаа юм. Хоёр улсын түүхэнд жижиг бөмбөгөөр том бөмбөгийг хөдөлгөж байсантай нэгэн адил энэ цаг үед тулгараад буй сорилтуудыг ижил зорилгоор даван туулах шаардлага үүсээд байгааг тэрбээр онцлон хэлжээ.

Мөн дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын хувьд дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, нийтлэг ашиг сонирхол, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө зүтгэхийг талуудад уриалсан байна. “COVID-19” цар тахалтай хамтран тэмцэх, эдийн засгийг сэргээх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нь хамтын ажиллагааны эн тэргүүний чиглэлүүд болохыг тэрбээр онцлон дурджээ.

"БНХАУ, АНУ хамтран ажиллах замыг сонгосон тохиолдолд боломжгүй зүйл үгүй” гэдгийг Ле Ючэн цохон тэмдэглээд, “Фукидидийн урхи”-наас зайлсхийхийн тулд хоёр орон хамтран ажиллаж чадна хэмээн нэмж хэлсэн байна.

“БНХАУ-АНУ-ын харилцааны ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулсан “Vision China” үйл ажиллагааг дэлхий нийтэд цахимаар нэвтрүүлжээ. “China Daily” улс төр, бизнес, шинжлэх ухааны салбарын нэр хүндтэй төлөөлөгчдийг урьж, дэлхий дахины хэтийн төлөв болон олон улсын тавцанд тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцдэг энэхүү үйл ажиллагааг 17 дахь удаагаа зохион байгуулж буй нь энэ юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.