Мьянмарын удирдагчдыг баривчилсныг цэргийн эргэлт хийх оролдлого гэж мэдэгдэв
Мьянмарын Ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх бөгөөд эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын дарга Ан Сан Су Чи нарыг цэргийнхэн баривчилсан явдал бол цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого юм гэж тус намын хэвлэлийн нарийн бичгийн дарга Мьо Ньюн мэдэгджээ.
"Энэ бол цэргийн эргэлт хийх гэсэн оролдлого юм. Гэхдээ тэд [цэргийнхэн] энэ нь тийм биш гэж мэдэгдэж, Ерөнхийлөгчийг үндэсний аюулгүй байдлын асуудлаар яаралтай хуралдаан зарлаж, албан ёсоор эрх мэдлээ тэдэнд шилжүүлэхийг шаардаж магадгүй" гэж Ньюн мэдэгдсэнийг “Irrawaddy” сонин дамжуулжээ. Мьянмарын Зэвсэгт хүчин Аун Сан Су Чи болон Ерөнхийлөгч Вин Мьинийг даваа гаргийн өглөө баривчилсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Түүнчлэн эрх баригч намын Төв гүйцэтгэх хорооны зарим гишүүн, депутатууд, бүс нутгийн засгийн газрын гишүүдийг саатуулжээ. Тэднийг эрх баригч нам олонхын суудал авсан шинэ парламентын анхдугаар чуулган эхлэхээс хэдхэн цагийн өмнө баривчилсан байна.
Үүний зэрэгцээ цэргийнхний мэдэлд байдаг телевизийн “Myawaddy” сувгаар Зэвсэгт хүчин нэг жилийн хугацаанд тус улсыг хяналтдаа авсныг мэдэгджээ. Харин “Irrawaddy” сонинд мэдээлж буйгаар, Мьянмарын Үндсэн хуулийн дагуу зөвхөн Ерөнхийлөгч л онц байдал зарлаж, эрх мэдлийг цэргийнхэнд шилжүүлэх эрхтэй байна. Одоогоор Мьянмарын улсын телевизийн суваг хаалттай байгаа бөгөөд зөвхөн "Myawaddy" суваг л ажиллаж байгаа аж.
Мьянмарын сөрөг хүчин парламентын сонгуулийн дүнг эсэргүүцсэний улмаас үүссэн улс төрийн өнөөгийн хямралыг даван туулахад чиглэсэн Засгийн газар болон Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн уулзалт амжилтгүй болсон тухай “Irrawaddy” сонин нэгдүгээр сарын 29-нд мэдээлсэн байна. Хэрэв сонгуулийн дүнг шалгахаас татгалзвал цэргийнхэн төрийн эргэлт хийхийг үгүйсгэхгүй гэж тус сонинд мэдээлж байжээ. Цэргийнхэн сонгуулийн дүнг луйвардсан гэж үзсэн байна.
Мьянмарын парламентын сонгууль өнгөрсөн оны 11 дүгээр сарын 8-нд коронавирусний халдварын тархалтын хоёр дахь давлагаа болон түүнтэй холбоотой хязгаарлалтын нөхцөлд болжээ. Сонгуульд Ан Сан Су Чи тэргүүтэй эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” нам илт давуу ялсан байна. Тус намын гол өрсөлдөгчид тооцогддог, цэргийнхэн дэмждэг “Эв санааны нэгдэл, хөгжлийн нам” парламентад хамгийн цөөн суудал авчээ. Ингэснээр “Ардчиллын төлөө үндэсний холбоо” нам Засгийн газрыг эмхлэн байгуулах эрхтэй болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.