Алексей Навальныйг дэмжигчид өнөөдөр Москва хотын шүүхийн гадаа цуглаж магадгүй
ОХУ-ын улс төрийн сөрөг хүчний удирдагч, ерөнхийлөгч Владимир Путинийг шүүмжлэгч Алексей Навальныйг дэмжигчид өнөөдөр Москва хотод дахин цуглаан хийж магадгүй гэсэн мэдээлэл гарч байна. Ням гарагт буюу өчигдөр ОХУ-ын олон арван хот, мужид Алексей Навальныйг суллахыг шаардсан жагсаал өрнөсөн. Энэ эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр 5000 гаруй хүн баривчлагдсан талаар барууны хэвлэлүүд дамжуулж байна.
Навальныйг дэмжигчид Москва хотын шүүхийн гадна маргааш цуглаж магадгүй юм байна. Навалныйг тэнсэн харгалзах ял нь дуусаагүй байхад гадаад уруу явсан, дуудсан цагт ирээгүй гэх үндэслэлээр барьж, хориод байгаа юм. Харин ерөнхийлөгч Владимир Путин төдийгүй түүний Нэгдсэн Орос намыг шүүмжлэгч Навальныйг суллахыг шаардсан жагсаал 2021 он гарснаас хойш 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа. Өчигдөр Оросын 90 орчим хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, цагдаа нар 5000 гаруй жагсагчийг баривчилсан мэдээллийг Би Би Си болон Си Эн Эн агентлагууд дамжуулж байна. Санкт-Петербург хотод л гэхэд олон мянган хүн
Путинийг огцрохыг шаардан жагссан байна. Оросын алслагдсан бүс болох Якутскад хүйтний эрч -40-д хүрснийг үл харгалзан мөн л иргэд гудамж, талбайд цуглажээ. Харин Оросын албаныхан дээрх цуглааныг хууль бус гэж үзсэн хэвээр байна. Мөн Оросын төрийн хэвлэлүүд эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын тоог барууны хэвлэлийнхнээс харьцангуй бага, цөөнөөр мэдээлж байна. Тухайлбал, Тасс агентлаг ням гарагт Москва хотод болсон жагсаалд 2000 орчим хүн оролцсон гэж дамжуулж байгаа бол “OVD-Info”-гийн тооцоогоор Москвад зөвхөн баривчлагдсан хүний тоо 1600-д дөхөж очсон талаар мэдээлжээ. Ямартай ч Москва хотын жагсагчид дараах байр суурийг илэрхийлж байсан байна.
Саяхан Навальныйгийн багийнхан Хар тэнгис дахь 1.3 тэрбум ам.долларын тансаг харш ерөнхийлөгч Владимир Путиний мэдэлд байдаг талаарх нэвтрүүлгийг цахим орчинд цацаж, 100 сая гаруй хүн үзээд байна. Гэвч энэхүү тансаг ордон Путиний мэдэлд бус харин Оросын тэрбумтан Аркадий Ротенбергийн мэдэлд байдаг гэсэн мэдээлэл гарчээ. Тэрбумтан энэ талаараа өөрөө ярьсан байна.
Ташрамд дуулгахад, Оросын цагдаа, хамгаалалтын хүчнийхэн жагсагчдыг олон зуугаар нь баривчилж байгаа явдлыг Европын Холбоо, АНУ-ын зүгээс буруутган, шүүмжилж байгаа. Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ыг улсынх дотоод хэрэгт оролцож байгааг буруутгасан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.