Tөрийн эрх мэдлийг генерал Мин Аунг Хлаингад шилжүүлсэн байна
Олон улсын хэвлэлүүдийн анхаарлын төвд ороод байгаа нэгэн үйл явдал бол Мьянмарын холбооны улсад төрийн эргэлт гарсан явдал юм. Тус улсын арми улс төрийн намын дарга нарыг баривчилж, төрийн эрх мэдлийг генерал Мин Аунг Хлаингад шилжүүлсэн байна. Өнгөрсөн 11-р сард явагдсан парламентын сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн армийнхан ийнхүү төрийн эргэлт явуулжээ. Тус улсын төрийн телевиз техникийн саатал гарсан гэх үндэслэлээр нэвтрүүлгээ зогсоосон бол зарим хотод утасны болон интернет сүлжээ тасалдсан мэдээлэл мөн гарч байна.
Армийнхны баривчлан хориод байгаа улс төрийн удирдагчдын дотор Аун Сан Су Чи багтсан байна. Аун Сан Су Чи бол Мьянмарын холбооны улсын хамгийн нөлөө бүхий улс төрч гэгддэг. Нобелийн энх тайвны шагналтан Ан Сан Су Чигийн тэргүүлдэг Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг нам өнгөрсөн 11-р сарын сонгуульд ялалт байгуулж, парламентын нийт суудлын 83 хувь тус намын нэр дэвшигчдэд оногдсон юм. Харин армийнхан энэхүү сонгууль будлиантай явагдсан хэмээн эсэргүүцэж, тус улсын ерөнхийлөгч болон Сонгуулийн төв хорооны дарга нарын эсрэг гомдлыг дээд шүүхэд гаргаад байсан юм. Мөн Батлан хамгаалахын удирдлагууд сонгуулийн будлианыг яаралтай шийдвэрлэхгүй бол илүү шийдэмгий арга хэмжээг авч магадгүй гэж өмнө нь анхааруулж байжээ. Мьянмар улсад Ардчилсан өөрчлөн, шинэчлэлт 2011 онд эхэлсэн юм. Үүнээс өмнө Мьянмарын төрийг цэргийнхэн олон 10 жилийн турш удирдсан юм. Тус улсын Батлан Хамгаалах яамны харьяанд байдаг телевизээр 1 жилийн хугацаатай онц байдлыг зарлаж байгааг дуулгажээ. Саатуулагдаад байгаа хүмүүсийн дотор ерөнхийлөгч багтаж мөн байгаа. Үүнээс ч үүдэн дэд ерөнхийлөгч Мяинт Све ерөнхийлөгчийн албан үүргийг түр хамаарахаар болоод байна.
Эл үйл явдлыг олон улсын хүний эрхийн байгууллага эрс буруутгасан байна.
ФИЛ РОБЕРТСОН ХҮНИЙ ЭРХИЙГ АЖИГЛАН ХЯНАХ БАЙГУУЛЛАГЫН АЗИЙГ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ: Мьянмарын арми хууль бусаар баривчилсан Аун Сан Су Чи, засгийн газрын өндөр албан тушаалтнууд болон бусад улс төрчдийг ямар нэгэн болзолгүйгээр яаралтай суллах ёстой. Армийнхны гаргаж буй үйлдэл 11-р сард явагдсан Ардчилсан сонгууль төдийгүй Мьянмарчуудын засаг, төрөө сонгох эрхийг үйл ойшоосон, тэдний эрхэнд халдсан үйл явдал боллоо. Бид хоригдоод байгаа цэргийн дэглэмийг шүүмжлэгчид болон бусад тэмцэгчдийн аюулгүй байдалд ихээхэн санаа зовниж байна.
Мьянмарт армийнхан төрийн эргэлт хийсэн энэ үйл явдлыг буруутгаж байгаагаа барууны зарим орон мөн хүчтэй илэрхийлсэн байна. Тухайлбал, АНУ-ын зүгээс хэдхэн сарын өмнө явагдсан хууль ёсны сонгуулийн үр дүнг өөрчлөх, Мьянмарын Ардчилсан өөрчлөн шинэчлэлтийг зогсоох аливаа оролдлогыг эсэргүүцэн гэдгээ илэрхийлжээ. Тус улсын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен засгийн газрын албаныхан болон улс төрийн намын удирдагчдыг суллахыг уриалсан байна. Австрали улсын Гадаад хэргийн яам дотоодын хууль дүрмээ хүндэтгэж, сонгуультай холбоотой маргааныг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхийг Мьянмарын армид уриалсан байна. Мьянмарт төрийн эргэлт болж, Нобелийн энх тайвны шагналт, Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг намын дарга Ан Сан Су Чиг баривчилсан талаар олон улсын хэвлэлүүд ийнхүү онцлон мэдээлж байна.
Тэгвэл Аун Сан Су Чи гэж хэн бэ гэдгийг товч сонирхоё.
АУН САН СУ ЧИ ГЭЖ ХЭН БЭ ?
-Мьянмарын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн үеийн баатар, генерал Аун Сангийн охин
- Олон арван жилд төрд ноёрхсон цэргийн дэглэмийг эсэргүүцэгч, хүний эрхийн төлөө тэмцэгч
-15 жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн Аун Сан Су Чи /өдгөө 75 настай/ 1991 онд Нобелийн Энх Тайвны шагналтнаар нэрлэгдсэн
- Түүний “Ардчиллын Төлөөх Үндэсний Лиг” нам 2015 онд явагдсан анхны чөлөөт сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан
-Гадаад гэр бүлтэй гэх үндэслэлээр ерөнхийлөгчид өрсөлдөх эрхгүй
-Тэрээр улсынхаа Буддын шашинт иргэдийн дунд ихээхэн өндөр нэр хүндтэй
Мьянмарын эрх баригч “Ардчиллын төлөө үндэсний холбоо” намын дарга, төрийн зөвлөх бөгөөд Гадаад хэргийн сайд Аун Сан Су Чи төрийн эргэлтийг эсэргүүцэхийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан ард түмэндээ уриаллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.