Мьянмарт хоёр хүн амиа алдсаны маргааш орон даяар олон мянган хүн жагсжээ.

Мьянмарт хоёр хүн амиа алдсаны маргааш орон даяар олон мянган хүн жагсжээ.

Мьянмарт энэ сарын 1-нд гарсан цэргийн эргэлтийг эсэргүүцсэн жагсагчдыг тараахын тулд цагдаа нар, аюулаас хамгаалах хүчнийхэн гал нээж, резинэн сумтай буу, нулимс асгаруулагч хий, усан буу ашиглах үеэр хоёр хүн амиа алдсаны маргааш /ням гарагт/ орон даяар олон мянган хүн жагсжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Мьянмарт бямба гарагт болсон үйл явдлыг зэмлэн буруушаажээ. Тэрбээр, тайван жагсаал цуглаан өрнүүлж буй иргэдийн эсрэг хүч хэрэглэх нь хүлээн зөвшөөршгүй үйлдэл юм гэж “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Жагсагчид “таван хоёр давхацсан” өдөр “хаврын хувьсгалыг” өрнүүлэхийг уриалж байгаатай холбоотойгоор даваа гарагт жагсаалын хамрах хүрээ улам өргөжиж магадгүй байна. Мьянмарт 1988 оны наймдугаар сарын 8-нд /8888/ ардчиллыг дэмжсэн жагсаал эрчээ авч байсан түүхтэй юм.

Мьянмарт даваа гаргийн өглөө интернэт сүлжээ тасалдаж магадгүй байгаатай холбоотойгоор АНУ-ын Элчин сайдын яам тэргүүтэй байгууллагууд энэ талаар анхааруулжээ. “NetBlocks” интернэт сүлжээний хяналтын байгууллагын мэдээлснээр, Мьянмарт орон нутгийн цагаар шөнийн 01 цагийн байдлаар интернэт холболт ердийн үеийн 13 хувьтай тэнцэх хэмжээнд байжээ. Ийнхүү шөнийн цагаар интернэт доголдох үзэгдэл хоёр дахь долоо хоногтоо үргэлжилжээ.

Мөн “Facebook” нийгмийн сүлжээ Мьянмарын цэргийнхний гол хуудас /page/ болох “Tatmadaw” нэртэй хуудсыг дүрэм журмыг зөрчсөн хэмээн үзэж хаасан талаар “Reuters” агентлаг мэдээлжээ. “Facebook” компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, уг хуудас “хүчирхийллийг өдөөр турхирахыг хориглох дүрмийг удаа дараа зөрчсөн” байна.

Мьянмарт бямба гарагт болсон жагсаалын үеэр 20 хүн шархадсан гэж сайн дурын тусламжийн газрын төлөөлөгч мэдээлжээ. Мөн цэргийн эргэлттэй холбоотойгоор 569 хүн баривчлагдсан гэж нэгэн идэвхтнүүдийн бүлэг мэдээлсэн байна.

Мьянмарын аюулаас хамгаалах хүчнийхэн жагсагчид руу гал нээж, тэднийг баривчилж, хүч хэрэглэж байгаад АНУ “ихээхэн санаа зовниж байна” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мэдэгджээ.

Мөн Их Британи жагсагчдын эсрэг хүч хэрэглэхэд оролцсон хүмүүсийн эсрэг нэмэлт арга хэмжээ авах талаар хэлэлцэнэ гэдгээ мэдэгдсэн бол Францын Гадаад хэргийн яам хүч хэрэглэсэн явдлыг “хүлээн зөвшөөршгүй” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Европын Холбооны Гадаад харилцааны бодлогын асуудал хариуцсан тэргүүн Жозеп Боррелийн хувьд иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ нэн даруй зогсоохыг Мьянмарын цэргийнхэн, аюулаас хамгаалах хүчнийхэнд уриалжээ. ЕХ-ны Гадаад хэргийн сайд нар хориг арга хэмжээ авах боломжийн талаар даваа гарагт хэлэлцэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.