Ван И: Америк, Хятадын харилцааг түүхэндээ байгаагүй тааруу байдалд хүргэсэн гэж мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа буруу чиг шугам баримталсан нь Америк, Хятадын харилцааг түүхэндээ байгаагүй тааруу байдалд хүргэсэн хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд бөгөөд Төрийн Зөвлөлийн гишүүн Ван И мэдэгджээ.
“Сүүлийн жилүүдэд Хятад, Америкийн харилцаа хэвийн байдлаасаа ухарч, дипломат харилцаа тогтоосноосоо хойш хамгийн ноцтой бэрхшээлүүдтэй тулгарсан. Улс төрийн ашиг сонирхлоос үүдэлтэй АНУ-ын өмнөх засаг захиргааны бодлого Хятадын ирээдүйн замнал, түүнд чиглэсэн бодлогыг ноцтой гажуудуулсан нь үүний гол шалтгаан юм. Ийм чиг шугам дээр тулгуурлан АНУ Хятадад шахалт үзүүлэх, тус улсыг тогтоон барих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь хоёр улсын харилцаанд хэмжээлшгүй их хохирол учруулсан" гэж тэрбээр хэлэв.
“Иймд алдаагаа засаж залруулж, харилцаагаа зөв замд нь оруулж, Хятадыг байгаагаар нь хүлээж авах ойлголтыг бий болгохын тулд буруу ойлголтоо залруулах хэрэгтэй” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.
Үндэслэлгүйгээр сэжиглэх
Хоёр улсын харилцааг хэвийн болгохын тулд АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаа Хятадыг үндэслэлгүйгээр сэжиглэх, атгаг санаа өвөрлөхөөс зайлсхийх хэрэгтэй.
“АНУ-ын шинэ засаг захиргаа гадаад бодлогоо эргэн харах, дахин үнэлэхийг зорьж байгаа билээ. Америкийн улс төрчид цаг үе, дэлхий нийтийн чиг хандлагыг дагаж, үндэслэлгүйгээр сэжиглэхээс зайлсхийх, хоёр улсын харилцааны эрүүл, тогтвортой байдлыг хангах зорилгоор Хятадад чиглэсэн оновчтой бодлогыг дахин баримтлах алхмуудыг авч хэрэгжүүлнэ гэж найдаж байна. БНХАУ, АНУ зэрэг том гүрнүүдийн хувьд бие биедээ шахалт үзүүлэх, нэгнийхээ дээр гарах дээр төвлөрөхөөс илүүтэй харилцан биенээ хүндэтгэх нь чухал ач холбогдолтой. Бие биедээ шахалт үзүүлэх оролдлого хэзээ ч амжилт олохгүй. Иймэрхүү асуудлууд нь сөргөлдөөн үүсгэхээс цаашгүй” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд цохон тэмдэглэв.
Тайвань
АНУ Тайванийн салан тусгаарлах үзэлтнүүдийн хүчинд дэмжлэг үзүүлэхээ зогсоох хэрэгтэй гэж Ван И Бээжин хотод болж буй Ланьтины чуулганы нээлтийн үеэр хэлжээ.
“Хятадын Коммунист нам, улс төрийн тогтолцоог харлуулахгүй байх, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжсэн салан тусгаарлах үзэлтнүүдийн хүчний мэдэгдэл, үйлдлийг өөхшүүлэх, дэмжлэг үзүүлэх, Хонконг, Шинжаан Уйгар, Төвөдийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож Хятадын бүрэн эрхт, аюулгүй байдлыг алдагдуулахаа зогсоохыг АНУ-д уриалж байна. Хүндэтгэлтэй байж, бие биенийхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх нь чухал. Энэ бол олон улсын харилцааны үндсэн хэм хэмжигдэхүүн юм. Сайхан сэтгэлтэй боловсон хүн бусдын тавганд хүрдэггүй” хэмээн тэрбээр ярьсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.