Мьянмарт төрийн эргэлт хийсэн цэргийнхнийг дэмжигчид өргөн хүрээтэй жагсаал цуглаан зохион байгууллаа. Тус улсын томоохон хот болох Янгонд мянга гаруй хүн энэ жагсаалд нэгдэж, цэрэг армийнхны далбааг барьж зэвсэгт хүчний удирдагч, генерал Мин Аун Хлайныг дэмжиж байгаагаа илэрхийлцгээжээ.
Тэдэнтэй зэрэгцэн цэргийн эргэлтийг эсэргүүцэгчид мөн жагсаал цуглаан хийсэн байна. Энэ үеэр цэргийнхнийг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хооронд мөргөлдөөн гарсан мэдээлэл ирж байна. Цэргийн эргэлтийг эсэргүүцэгчид өнгөрсөн 2 дугаар сарын 1-нээс хойш онц байдал тогтоосныг үл харгалзан жагсаал цуглаан хийсээр байгаа юм. Тэд Мьянмарын төрийн зөвлөх, гадаад хэргийн сайд Аун Сан Су Чжи болон бусад албан тушаалтнуудыг суллахыг шаардаж байгаагаа илэрхийлсээр байгаа.
Энэ хооронд олон нийтийн сүлжээ эрхлэгч Фэйсбүүк компани Мьянмарын зэвсэгт хүчнийхний Фэйсбүүк болон Инстаграмм дахь хуудаснуудыг хааснаа зарлаад байна. Түүнээс гадна Мьянмарын зэвсэгт хүчнийхний хяналтдаа авсан төрийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хуудаснуудад ч нэвтрэх боломжгүй болгожээ.
Үүний зэрэгцээ тус улсын зэвсэгт хүчнийхэнтэй холбоотой хувийн компаниудын зар сурталчилгаануудыг олон нийтийн сүлжээнүүдэд байршуулахыг нь хоригложээ. Фэйсбүүк компани Мьянмарын зэвсэгт хүчнийхэн олон нийтийн сүлжээг нь ашиглах нь ихээхэн эрсдэл учруулахаар байгаа учир ийм арга хэмжээ авснаа тайлбарлажээ.
Мьянмарт олон нийтийн сүлжээ Фэйсбүүк эрхлэгчдийн тоо 21 саяд хүрдэг бөгөөд энэ нь нийт хүн амынх нь 40 хувь болдог байна.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.