Суматра арлын галт уул 5 км-ийн өндөрт үнс цацжээ
Индонезийн Хойд Суматра мужийн Синабунг галт уул 5 орчим км-ийн өндөрт үнс цацсан тухай тус улсын “Kompas” сонин мэдээлэв.
Хүний амь эрсэдсэн, гэмтэж бэртсэн талаар одоогоор мэдээлээгүй байна. Эрх баригчид галт уулын ойр орчимд амьдардаг иргэдийг Синабунг уулаас дор хаяж гурван км холдохыг зөвлөжээ.
Уг галт уул хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сард идэвхжиж байсан бөгөөд тухайн үед мөн 5 км-ийн өндөрт үнс цацсан байна.
Синабунг нь 2460 метр өндөр, идэвхтэй галт уул юм. Сүүлийн 400 жилийн турш унтаа байсан уг галт уул 2010 онд анх идэвхжиж үнс нурам цацжээ. 2014 оны хоёрдугаар сард дахин идэвхжиж дэлбэрснээр 16 хүн амь үрэгдсэн бол 2016 онд долоон хүн амиа алджээ.
18 мянган арлаас бүрддэг Индонезийн бүлэг арлууд нь Номхон далайн галт цагираг гэж нэрлэдэг бүсэд оршдог бөгөөд нийтдээ 500 гаруй галт уул байдгаас 127 нь идэвхтэй уул байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.