ДЭМБ: Европт халдварын нөхцөл байдал муудаж байна

ДЭМБ: Европт халдварын нөхцөл байдал муудаж байна

Коронавирусний цар тахал эхэлснээс хойш дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 115 саяыг даваад байгаа бол 2,5 сая хүн энэ вирусний халдвар авсны уршгаар нас бараад байна.

Улс орнуудын засгийн газрын зүгээс эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу халдварын тархалтад хяналт тогтоохын тулд хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ үүний хамтаар хүн амаа  дархлаажуулалтад хамруулах  ажлаа эрчимжүүлэхийг чармайсаар байгаа юм. Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 249,2 сая  хүн коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамрагдаад  байгаа бөгөөд вакцины 1, 2 дугаар тунгаа хийлгэсэн  хүний тоогоор АНУ-д дэлхийд нэгд бичигдэж байна. Тодруулбал тус улсад нийт 76,9 сая хүн вакцинд хамрагдаад байгаа.

Харин Израиль улс нийт хүн амтай нь харьцуулсан вакцинжуулалтын тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Энэ хооронд Европт халдварын нөхцөл байдал муудаж байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас анхааруулаад байгаа. Өнгөрсөн 2 дугаар сарын эхээр коронавирусний халдвар авсан хүний тоо эрс буурч байсан ч Төв  болон Зүүн  Европ, Балканы орнуудад  шинэ давлагаа үүссэн түгшүүртэй шинж тэмдэг ажиглагдаж байгааг анхаарууллаа. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын  бүсийн товчооны  тэргүүн  Ханс Клуге мэдэгдээд  байна. 

Тэрбээр Европын 10 орны 4-т нь хүн амын  дунд халдвар ихээр тарж байгааг статистик  мэдээлэл  гэрчилж буйгаа мэдэгдсэн байна. Хоногт халдварын хамгийн олон  батлагдсан тохиолдол  Францад  бүртгэгдэжээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад нийт 22 мянга 857 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо  3 сая  783 мянгыг  даваад  байна. Мөн  тус улсад  өнгөрсөн хоногт нас  барсан хүний тоо 330 аар нэмэгдэж  87 мянга  220-т  хүрчээ. Хүн амынх нь дунд  халдвар ихээр тархаж  байгаа  Европын дараачийн улс  нь  Итали  болоод  байна. Тус улсад  хоногт  17  мянга гаруй  тохиолдол  шинээр  бүртгэгдсэн байгаа бол нас  баралт 343-аар нэмэгджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.