Тайланд жуулчдад дарвуулт завь дээр тусгаарлагдахыг санал болгож байна...

Тайланд жуулчдад дарвуулт завь дээр тусгаарлагдахыг санал болгож байна...

 Тайландад ирсэн жуулчид хоёр долоо хоногийн тусгаарлалтыг дарвуулт завь дээр өнгөрүүлэх боломжтой болжээ.

Энэ нь цар тахлын улмаас уналтад орсон аялал жуулчлалын салбарыг сэргээгээд зогсохгүй дарвуулт завины бизнест хоёр тэрбум орчим ам.долларын ашиг авчирна гэж Тайландын Засгийн газар тооцоолж байна.

Дээрх санал коронавирусний шинжилгээний хариу нь “сөрөг” гарсан жуулчдад хамаарах боловч тус улсад шинжилгээний хариу сөрөг гарсан байсан ч тусгаарлах журам хэрэгжиж байгаа юм. Харин тусгай дарвуулт завь түрээслэх боломжгүй жуулчдад Пхукетийн эргийн дагуу жижиг хөлөг онгоцуудад тусгаарлагдахыг санал болгож байгаа аж.

Засгийн газрын энэхүү хөтөлбөрт 100 орчим дарвуулт завь оролцохоор болжээ. Зорчигчдод тусгай бугуйвч зүүх бөгөөд энэ бугуйвч нь биеийн халуун, даралтыг хэмжиж, байршил тогтоодог тул тогтоосон хугацаанаас өмнө жуулчид эрэг дээр гарах боломжгүй юм. Бугуйвчны мэдээллийг 10 км зайнаас хяналтын алба хянана. 

Тайландын эрх баригчид жуулчдын сонирхлыг татахуйц тусгаарлалтын өөр нэг хэлбэрийг нэгдүгээр сард хэдийнээ нэвтрүүлжээ. Энэ нь гольф-клубүүдэд тусгаарлагдах хөтөлбөр юм. Гольфийн талбайнууд ихэвчлэн хүн ам шигүү суурьшсан газруудаас хол оршдог, өргөн уудам талбайтайгаас гадна, клубүүд хувийн байшингууд түрээслүүлдэг байна.

Аялал жуулчлал бол Таиландын эдийн засгийн орлогын гол эх үүсвэр юм. Цар тахлын улмаас нислэг цуцлагдсан нь ихэнх нь аялал жуулчлалын салбарт ажилладаг хүн амын орлого, амьдралд ихээхэн нөлөөлжээ.

Коронавирусний цар тахлаас өмнө Тайландад өдөр бүр 40-50 мянган жуулчин ирдэг байв. Тус улс өнгөрсөн оны гуравдугаар сард хилээ бүрэн хааж, 10 дугаар сараас л аажмаар нээж эхэлжээ. Гэсэн хэдий ч өдөрт ирж буй хүний тоо зуугаар тоологдож байгаа нь аялал жуулчлалын салбарыг дэмжихэд маш бага үзүүлэлт юм. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.