Халдварт өвчний нөхцөл байдал дэлхий дахинд
Вакцины паспорт гэгдэх хөтөлбөрийг Хятад улс анх удаа нэвтрүүлжээ. Гэсэн ч энэ санааг эсэргүүцэгчдийн үзэж буйгаар, вакцины паспорт нэвтрүүлснээр Хятадын эрх баригчид иргэддээ бүрэн хяналт тавих боломжтой болно гэв.
- Парис болон тус хоттой ойролцоох бүс нутгууд коронавирусний шинэ хувилбартай тэмцэх учраа олохгүй байгаа ч эрх баригчид юуны түрүүнд хөл хорио тогтоох гэж яарахгүй байна.
- Бундестагийн депутат амны хаалт худалдан борлуулж, хуулийн хүрээнд бизнес эрхэлсэн хэдий ч ёс зүйн үүднээс бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болгох шийдвэр гаргажээ.
- Дэлхий дахинд халдвар авсан 188.1 сая тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 2.6 сая гаруй хүн нас барсан байна.
- Халдварт өвчний нөхцөл байдал хамгийн ноцтой байгаа АНУ-д вакцины хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн хүмүүсийг хэсэг бүлэг хүмүүстэй нэг байранд уулзахыг зөвшөөрчээ. Харин нийтийн тээврээр зорчихдоо заавал амны хаалт зүүх журам хэрэгжсэн хэвээр байна.
- Энэ нь Жо Байдены засаг захиргаа хязгаарлалтыг сулруулсан анхны жижиг алхам байв. Өмнө нь хэд хэдэн муж улс хязгаарлалтын дийлэнх хэсгийг цуцалсан ч шийдвэр орон нутгийн түвшинд гарсан юм.
- Үүнээс гадна “Pfizer” компанийн вакцин Бразилд тархсан хувилбарыг саармагжуулж байна хэмээн Техасын анагаахын их сургуулийн эрдэмтэд лабораторийн шинжилгээнд үндэслэн мэдэгджээ.
Европ
ОХУ Европын Холбооны нутаг дэвсгэрт “Спутник V” вакциныг үйлдвэрлэх тухай анхны гэрээг байгуулжээ. Гэрээний дагуу Италийн хойд Ломбардияд байдаг Итали, Швейцарын “Adienne” эмийн компани вакциныг үйлдвэрлэх аж.
Европын эмийн агентлаг “Спутник V” вакциныг ЕХ-ны нутаг дэвсгэрт хэрэглэх зөвшөөрлийг хараахан олгоогүй байгаа ч зарим улс орон Оросын вакциныг хэрэглээд эхэлжээ.
Францын Эрүүл мэндийн газрын тэргүүн Жером Саломоны ярьж буйгаар, Парис болон түүний ойролцоох эмнэлгүүд коронавирусний шинэ хувилбартай боломжийнхоо хэрээр тэмцэж байгаа ч тогтоон барьж чадаагүй байна. Гэсэн ч эрх баригчид бүс нутгуудадхөл хорио тогтоогоогүй байна.
Парист болон нийслэл хотын бүс нутгуудад Францын хүн амын зургааны нэг орчим нь оршин суудаг. Төлөвлөгөөт курс эмчилгээг 40 хувиар бууруулж, коронавирусээр халдварласны улмаас биеийн байдал нь хүнд байгаа хүмүүст өрөө суллаж өгөхийг Францын Эрүүл мэндийн яам эмнэлгүүдээс шаардсан байна.
Шведийн хөдөө орон нутагт цар тахлын улмаас хаагдаад байсан хүнсний дэлгүүрүүдийн дийлэнх нь үйл ажиллагаагаа сэргээсэн хэдий ч цаашид цоо шинэ зарчмаар ажиллах аж.
Тухайлбал, дэлгүүрүүдэд худалдагч, үйлчилгээний ажилтан ажиллахгүй бөгөөд зарим худалдааны цэг чиргүүлний хэмжээтэй жижиг байх аж. Эдгээр дэлгүүрт зөвхөн үндсэн хэрэгцээний бараа бүтээгдэхүүнийг тавих бөгөөд тусгай хавсралт ашиглан орж үйлчлүүлэх боломжтой аж. Тийнхүү худалдагч барааныхаа бар кодыг уншуулж, төлбөр нь кредит картнаас нь уншигдах юм.
Энэ санааг анх Стокгольмд 2018 онд гаргажээ. Тухайн үедээ ашигтай байсан учир энэ санааг цаашид хөгжүүлэх тал дээр ажиллаж байсан бол цар тахал дэгдсэнээс хойш зохиогчдыг богино хугацаанд хөгжүүлэлтээ дуусгахыг шаардсан байна.
Дэлхий дахинд нөхцөл байдал
Вакцины паспорт хэмээх хөтөлбөрийг нэвтрүүлсэн анхны улс нь Хятад болжээ. Вакцинжуулалтад хамрагдсан Хятадын иргэн бүр энэхүү бичиг баримтыг тусгай цахим платформ дээрээс татаж аваад гадны улсыг зорихдоо үзүүлэх боломжтой аж. Ийм төрлийн паспорт гаргах тухай дэлхийн олон улс оронд яригдаад байгаа билээ.
Энэ санааг дэмжигчид вакцины паспорт олон улсын хил нээгдэж, дэлхийн эдийн засаг сэргэхэд даруй нөлөөлнө гэж үзэж байгаа бол эсэргүүцэж буй хүмүүс нь эрх баригчдын ард иргэддээ бүрэн хяналт тавих анхны алхам нь юм гэж үзжээ.
Нутаг дэвсгэрт нь хөдөлмөр эрхлэх эрхтэй палестинчуудыг вакцинжуулах хөтөлбөрийг Израил эхлүүлжээ. Хууль сахиулах байгууллагууд Палестины оршин суугчдыг вакцинжуулах асуудлыг эрх баригчид бүрэн хяналтандаа авах ёстой гэж үзэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.