Өөрийгөө зарлан тунхагласан Косово улс Иерусалимд төлөөлөгчийн газраа нээжээ.
Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Косово Улсын албан ёсны төлөөлөгчийн газар ням гарагт Иерусалимд нээгдсэн тухай “The Jerusalem Post” сонин мэдээлэв.
Израил, өөрийгөө зарлан тунхагласан Косовогийн хооронд дипломат харилцаа тогтоох тухай гэрээнд хоёрдугаар сарын 1-нд гарын үсэг зурсан болохыг тус сонинд тодотгосон байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Косовогийн Засгийн газрын тэргүүн Авдулах Хотигийн 2020 оны есдүгээр сарын 4-нд Вашингтонд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу Иерусалимд төлөөлөгчийн газраа нээнэ гэдгээ тухайн үед Приштина нотолж байжээ.
Сербийн өөртөө засах муж болох Косово, Метохия 2008 оны хоёрдугаар сард тусгаар тогтнолоо дангаар зарласан бөгөөд сүүлийн жилүүдэд ЮНЕСКО, Интерпол зэрэг олон улсын байгууллагуудад элсэхийг идэвхтэй хичээж байгаа юм. ОХУ, Энэтхэг, БНХАУ зэрэг 60 гаруй улс, мөн ЕХ-ны таван орон Косовог хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Израил улс ч мөн өмнө нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг эсэргүүцэж байв.
Иерусалим хотын статус Израил-Палестины мөргөлдөөний гол асуудлуудын нэгд зүй ёсоор тооцогдсоор ирсэн билээ. Израилчууд 1967 оны дайны үеэр хотын зүүн хэсгийг эзэлж, Иерусалим нь Израилын "салшгүй нэг хэсэг" бөгөөд нийслэл гэж мэдэгдсэн. Харин палестинчууд хотын зүүн хэсгийг өөрийн улсын нийслэл болгохыг эрмэлзэж байгаа юм.
АНУ Иерусалимыг Израилын нийслэл хотоор хүлээн зөвшөөрснөө 2018 оны тавдугаар сард зарлаж, Элчин сайдын яамаа Тель-Авиваас тус хот руу нүүлгэн шилжүүлсэн юм. АНУ-ын дараа Гватемал улс Иерусалимд дипломат төлөөлөгчийн газраа нээжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.