ДЭМБ: “AstraZeneca”-н вакцинаас татгалзах шалтгаан байхгүй
“AstraZeneca”-н вакцин, цусны бүлэнгийн үүсэл хоёрын хооронд холбоо хамаарал байгаа гэх ямар ч нотолгоо байхгүй учир хэрэглээг нь зогсоох шалтгаан байхгүй хэмээн ДЭМБ-ын төлөөлөгч Маргарет Харрис баасан гарагт мэдэгджээ.
“AstraZeneca”-н вакцин нь цаашид хэрэглэх ёстой сайн вакцин юм хэмээн тэрбээр хэлсэн байна.
“AstraZeneca” компанийн Оксфордын их сургуультай хамтран гарган авсан вакцинаар Их Британид 11 сая гаруй хүн, Европын Холбоонд 5 сая хүнийг дархлаажуулаад байгаа юм.
Энэ долоо хоногт Болгар, Дани, Исланд, Норвег, Тайланд энэ вакциныг хэрэглэхээ түр зогсоосон. Тухайлбал, баасан гарагт олон нийтийн өмнө вакцин хийлгэхээр төлөвлөж байсан Тайландын Ерөнхий сайд бодлоо өөрчилсөн юм.
Улс орнууд ийм шийдвэр гаргах болсон нь Данид Оксфордын вакцин хийлгэсний дараа цусны бүлэнгийн асуудал үүссэн тухай 30 орчим хүн мэдэгдсэнтэй холбоотой аж. Үүний улмаас Италид 50 настай эрэгтэй нас барсан бол Данид мөн ийм тохиолдол гарсан байна.
“AstraZeneca”-н вакцин, цусны бүлэнгийн хооронд хамаарал байгаа гэх нотолгоо байхгүй бөгөөд энэ тохиолдолд ашигтай байдал нь эрсдэлээсээ илүү тухай Европын агентлаг өмнө нь мэдэгдсэн байна. Удалгүй ДЭМБ мөн ижил үзэл бодолтой байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Их Британи, Шведийн компанийн вакциныг хөгжүүлэгчид мэдэгдэхдээ, эмнэлзүйн туршилтын үеэр вакцины аюулгүй байдлыг хамгийн нарийн шалгалтаар явуулсан гэжээ.
Мөн Их Британи, Герман, Австрали, Португал, БНСУ, Мексик, Филиппин зэрэг улс “AstraZeneca”-н вакцинаар иргэдээ дархлаажуулсар байхаа мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.