Филиппин гадаадын иргэдийг нэг сарын хугацаанд хилээрээ нэвтрэхийг хоригложээ.

Филиппин гадаадын иргэдийг нэг сарын хугацаанд хилээрээ нэвтрэхийг хоригложээ.

Филиппиний эрх баригчид коронавирусний хувилбарууд тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс гадаадын иргэдийг нэг сарын хугацаанд хилээрээ нэвтрэхийг хоригложээ.

"SARS-CoV-2” вирусний хувилбарууд бусад улс орноос зөөвөрлөгдөн орж ирж, халдварын тохиолдол нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийм арга хэмжээ авсан байна. 

Хориг гуравдугаар сарын 20-ноос дөрөвдүгээр сарын 19 хүртэл хэрэгжих бөгөөд гадаад орнуудын албан ёсны төлөөлөгчид, тус улсад итгэмжлэгдсэн гадаадын дипломат ажилтнууд болон гадаадад ажиллаж байгаад буцаж ирж буй филиппинчүүдэд хамаарахгүй аж.

Филиппинд коронавирусний шинэ хувилбар илэрсэн тухай тус улсын эрх баригчид гуравдугаар сарын 13-нд мэдээлжээ. Шинэ хувилбарыг P.3 гэж нэрлэсэн бөгөөд 98 хүнээс илэрсэн байна. Үүнээс гадна, Бразилд тархсан хувилбарын анхны тохиолдол бүртгэгджээ. 

Филиппинд коронавирусний халдварын анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 30-нд бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 631 320-д хүрч, 561 мянган хүн эдгэрсэн бол 12 848 өвчтөн нас баржээ. Тус улс Америкийн "Pfizer", Германы "BioNTech" компаниудын, Их Британи-Шведийн “AstraZeneca”, Хятадын “Sinovac” компанийн вакциныг түргэвчилсэн журмаар бүртгэсэн бөгөөд гуравдугаар сарын 1-нээс эхлэн "CoronaVac" вакцинаар эмнэлгийн ажилтнуудаа вакцинжуулж эхэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.