Их Британид насанд хүрэгчдийн тэн хагас нь вакцин хийлгэжээ
Их Британийн насанд хүрсэн иргэдийн тэн хагас нь “COVID-19”-ийн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн гэж тус улсын Засгийн газар бямба гарагт мэдээлэв. Тодруулбал, Их Британид 26.9 сая хүн буюу насанд хүрсэн нийт хүн амын 51 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна.
“Энэ бол томоохон амжилт. Вакцинжуулалтын хөтөлбөрт оролцсон бүх хүнд, вакцин хийлгэсэн хүн бүхэнд талархал илэрхийлье. Вакцин биднийг цар тахлаас ангижруулна” гэж Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгджээ.Их Британид ирэх сард нийлүүлэх вакцины тоо ихээхэн буурах төлөвтэй байгаа талаар эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд энэ долоо хоногийн эхээр мэдэгджээ.
М.Хэнкокийн мэдээлснээр, улсын хэмжээнд дөрөвдүгээр сард эрсдэл өндөр бүлгийн хүн амд эхний тунг үргэлжлүүлэн хийж, 12 сая хүнд хоёр дахь тунг тарих ажээ.
Их Британид аль болох олон хүнийг вакцинжуулахын тулд вакцины хоёр тунг хийлгэх хугацааг дөрвөн долоо хоног байсныг 12 долоо хоног болгон сунгажээ. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, Их Британид хэрэглэж буй вакцинууд нь нэг тунг хийлгэснээр дархлаа тогтоох боловч халдвараас бүрэн хамгаалахын тулд хоёр дахь тунг хийлгэх шаардлагатай байна.
Их Британид 100 хүн тутамд 44 тун вакцин тарьсан нь 10 саяас дээш хүн амтай орнууд дундаа тэргүүлэх үзүүлэлт болохыг Оксфордын их сургуулийн мэдээлэл харуулжээ. АНУ-ын хувьд 100 хүнд 35 тунг тарьсан үзүүлэлтээр хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.