Мьянмарын цэргийнхэн баасан гарагийн жагсаалын үеэр 10 гаруй хүнийг хөнөөжээ

Мьянмарын цэргийнхэн баасан гарагийн жагсаалын үеэр 10 гаруй хүнийг хөнөөжээ

Мьянмарын хэв журмын цагдаа, аюулгүйн хүчнийхэн уржигдар болсон жагсаалын үеэр 10 гаруй хүнийг хөнөөсөн байна. Хэдийгээр нөхцөл байдал хүндэрч, цэргийнхэн хүч хэрэглэж байгаа ч Мьянмарын ард иргэд цэргийнхний төрийн эргэлтийг эсэргүүцэж, эрх баригчдаа суллахыг шаардсан эсэргүүцэл тэмцлээ үргэлжлүүлсээр байна.

Тус улсын цэргийн эрх мэдэлтнүүд улсынхаа зарим хотуудад дайны байдал зарлаж, эсэргүүцлийн жагсаалыг дарах ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Баасан гарагт Мьянмарын иргэд улсынхаа зүүн бүсийн Шан муж болон бусад газруудад эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлжээ.

Мьянмарын цэргийнхэн жагсагчдаас гадна олон улсын гол хэвлэлүүдийн үйл ажиллагааг хязгаарлах алхам хийж эхэлжээ. Тухайлбал, нийслэл НейПьидо хотоос мэдээлэл дамжуулж байгаа "Би Би Си" агентлагийн сэтгүүлчийг үл таних этгээд авч явсан байна. "Би Би Си" телевизийн захиргаа сэтгүүлч нь хаана байгааг мэдээлж, түүнийг аюулгүй эсэхийг нотлохыг Мьянмарын эрх баригчдаас шаардсан байна.

Түүнчлэн Мьянмарын цэргийнхэн жагсаал цуглааныг сурвалжилж явсан "Ассошейтэд Пресс" агентлагийн сэтгүүлчийг баривчлан саатуулжээ. НҮБ-аас Мьянмарт суугаа хүмүүнлэгийн зохицуулагч Эндрью Кирквуудын мэдээлснээр баасан гарагийн байдлаар Мьянмарын цэргийнхэн 2400 гаруй хүнийг баривчлан саатуулж, 211 хүний амь насыг хохироосон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.