БНХАУ, АНУ уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ажлын баг байгуулна

БНХАУ, АНУ уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан ажлын баг байгуулна

БНХАУ, АНУ уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан хамтарсан ажлын баг байгуулахаар тохиролцлоо гэж хоёр талын өндөр түвшний стратегийн яриа хэлэлцээнд оролцсон Хятадын төлөөлөгчид мэдээлэв.

БНХАУ, АНУ-ын талын аль аль нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх үүрэг амлалт өгчээ.

Мөн талууд хоёр орны төрийн тэргүүн нарын хоёрдугаар сарын 11-нд утсаар хэлэлцсэний дагуу харилцааг тогтвортой хөгжүүлэхийн тулд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлж, үл ойлголцол, зөрчил, сөргөлдөөнөөс зайлсхийхээр тохиролцсон байна.

Хоёр талын төлөөлөгчид өндөр түвшний стратегийн ийм төрлийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг мөн Хятадын төлөөлөгчид онцлон тэмдэглэв.

АНУ-ын Аляска муж улсын Анкориж хотноо хоёр өдөр үргэлжилж, баасан гарагт өндөрлөсөн уулзалтын үеэр АНУ Тайваньтай холбоотой асуудалд “Нэг Хятад” бодлогыг баримтлахаа дахин мэдэгдсэнийг төлөөлөгчид уламжилжээ.

БНХАУ, АНУ мөн хоёр талын дипломатчид, консулын ажилтнуудыг “COVID-19”-ийн вакцинжуулалтад хамруулах талаар хэлэлцжээ. Үүний зэрэгцээ харилцан бие биеийн дипломат болон консулын төлөөлөгчийн газар, ажилтнуудын үйл ажиллагааг хөнгөвчлөх, хэвлэл мэдээллийн ажилтнуудтай холбоотой асуудлаар харилцан ойлголцох, харилцан ашигтай байх үүднээс яриа хэлэлцээ хийхээр болжээ.

Мөн уулзалтын үеэр эдийн засаг худалдаа, зэвсэгт хүчин, хуулийн хэрэгжилт, соёл, ард түмэн хоорондын харилцаа, эрүүл мэнд, цахим аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт болон Ираны цөмийн асуудал, Афганистан, Солонгосын хойгийн асуудал, Мьянмарын нөхцөл байдлын талаар хэлэлцэж, эдгээр чиглэлд үргэлжлүүлэн харилцаа холбоотой байхаар тохиролцжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.