БНАСАУ баллистик пуужин хөөргөснөө албан ёсоор мэдэгдлээ.
БНАСАУ алсаас удирддаг тактикийн шинэ пуужинг хөөргөх туршилтыг пүрэв гарагт хийлээ гэж Солонгосын цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлэв. Ийнхүү БНАСАУ сүүлийн жил орчмын хугацаанд анх удаа баллистик пуужин хөөргөснөө албан ёсоор мэдэгдлээ.
БНАСАУ ойрын зайн тусгалтай хоёр баллистик пуужинг Зүүн тэнгис рүү харвасан бололтой байгаа талаар БНСУ-ын Зэвсэгт хүчин пүрэв гарагт мэдээлсэн юм.АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа БНАСАУ-ын талаар баримтлах шинэ бодлогоо танилцуулахаар бэлтгэж буй энэ үед тус улс пуужин хөөргөв.
“Шинээр бүтээсэн алсаас удирддаг тактикийн шинэ пуужингийн цэнэгт хошууг 2.5 тоннд хүргэн сайжруулсан. Батлан хамгаалахын шинжлэх ухааны академийн явуулсан туршилт урьдчилан тооцоолсны дагуу маш амжилттай боллоо” гэж “KCNA” мэдээлжээ.
Мөн хоёр пуужин Зүүн эргээс 600 километр зайд байг оновчтой оносныг уг мэдээнд онцлон тэмдэглэсэн байна. Ажиглагчдын үзэж буйгаар, БНАСАУ Оросын “Iskander” пуужинтай төстэй “KN-23” пуужингийнхаа шинэ хувилбарыг туршсан байж магадгүй байна. “KN-23” пуужинг өнгөрсөн нэгдүгээр сард Пёньян хотод болсон цэргийн парадын үеэр үзүүлсэн юм.
“БНАСАУ-ын зүүн нутгийн Хамжу суурингаас Зүүн тэнгис рүү 7:06, 7:25 цагт харвасан хоёр пуужин 450 километр орчим зайд ниссэн” гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооноос өмнө нь мэдээлээд байсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.