Израилийн Ерөнхий сайд сөрөг хүчний намуудтайгаа хэлэлцээ хийхээс аргагүйд хүрчээ.
Израилийн парламентын сонгуулийн санал тооллогын эцсийн дүнгээр Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн эрх баригч нам саналын дийлэнх хувийг авчээ. Гэхдээ орон нутгийн хэвлэлүүд нь хэдийгээр эрх баригч нам бусад намуудаас олон санал авсан ч эвсэл байгуулахгүйгээр парламентад олонх болох боломжгүй хэвээр байгаа тухай мэдээлсэн байна.
Израилийн сонгуулийн ерөнхий хороо пүрэв гарагийн орой сонгуулийн саналын тооллогын дүнг эцсийн байдлаар танилцуулжээ. Энэ нь Израиль улс сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа явуулсан парламентын сонгууль юм.
Энэ удаагийн сонгуулиар Биньямин Нетаньяхугийн барууны үзэлтэй Ликуд нам 120 суудалтай парламентад 30 суудал авсан бол төвийн үзэлтэй сөрөг хүчний нам нь 17 суудал, шашны үзэлтэй Шас нам 9 суудал тус тус авчээ.
Биньямин Нетаньяху нь 2009 оноос хойш Израилийн Засгийн газрыг тэргүүлж байгаа юм. Сонгуулийн кампанитын үеэр тэрбээр коронавирусний эсрэг вакцинжуулалтыг амжилттай явуулж, Арабын орнуудтай харилцаагаа сайжруулж байгаагаа олон нийтэд сурталчилсан байна.
Одоо Биньямин Нетаньяху Засгийн газрыг тэргүүний байр сууриа хадгалахын тулд бусад намуудтай ялангуяа сөрөг хүчинтэйгээ эвсэл байгуулах яриа хэлэлцээ хийхээс аргагүй болж байна. Гэвч сөрөг хүчний намууд нь хоорондоо эвсэж, олонх болох арга зам эрэлхийлж байна.
Хэрвээ эрх баригч болон сөрөг хүчний намуудын Эвслийн засгийн газар байгуулах яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй бол Израиль улс улс төрийн хямралтай тулгарч магадгүй гэж ажиглагчид таамаглаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.