Египет улсад галт тэрэг мөргөлдсөний улмаас 30 гаруй хүн амь насаа алджээ.
Египет улсад өчигдөр галт тэрэг мөргөлдсөний улмаас 32 хүн амь насаа алдаж, 160 гаруй хүн гэмтэж, бэртсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ.
Египетийн Сохаг мужийн өмнөд бүсийн төмөр зам дээр зогсож байсан суудлын галт тэрэгний араас өөр нэг галт тэрэг ирж мөргөсөн байна. Ослын улмаас хоёр галт тэрэгний хэд хэдэн вагон замын хажуу руу унаж, сүйдсэн байна.
Энэ суудлын галт тэрэг Газар дундын тэнгисийн "Александра" боомт чиглэлд зорчиж явжээ. Тус улсын Тээврийн удирдах газар эхний галт тэрэг ямар учраас зогсож байсан, араас нь явж байсан галт тэрэг яагаад зогсоох арга хэмжээ авч чадаагүй вэ гэдгийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.
Мөн нийслэл Кайр хотоос мэс заслын эмч голдуу 52 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн багийг хоёр онгоцоор тээвэрлэн Сохаг муж руу илгээжээ. Энэ нь төмөр зам муутай Египет улсад сүүлийн жилүүдэд болж байгаагүй төмөр замын хамгийн том осолд тооцогдож байна. Тус улсын төмөр замын систем элэгдэж хуучирсны зэрэгцээ муу менежменттэй гэсэн шүүмжлэл дагуулдаг юм байна. Тухайлбал, 2017 онд Египет улсад галт тэрэгний 1793 осол бүртгэгджээ.
Өчигдөр болсон энэ ослын дараа Египет улс төмөр замын аюулгүй байдлын хяналтаа сайжруулах, он удаан жил ашигласан галт тэрэгний замаа шинэчлэн засварлах шаардлагатай гэсэн олон нийтийн шахалт шүүмжлэлтэй тулгарч байна.
Хамгийн сүүлд 2019 онд тус улсын нийслэл Кайрын төв дэх галт тэрэгний өртөөнд мөн л галт тэрэг осолдож, улмаар их хэмжээний гал түймэр дэгдэж, 20 гаруй хүн амь насаа алдаж байсан юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.