Европын орнуудад “Ковид-19”-ийн халдварын нөхцөл байдал хүндэрч байна
Европын зарим улс оронд коронавирусний халдварын нөхцөл байдал хүндрээд байна. Германд гэхэд сүүлийн 2 хоног дараалж халдварын батлагдсан тохиолдлын тоо хоногт 20 мянгаар нэмэгдлээ. Роберт Кохийн хүрээлэнгээс халдварын тархалтыг тогтоон барьж дийлэхгүй бол хоногт халдвар авч байгаа хүний тоо удахгүй 100 мянгад хүрэхийг анхаарууллаа.
Тус хүрээлэн "Ковид-19" цар тахлын 3 дахь давлагаа эхний 2-оос ч илүү аюултай гэж дүгнэх үндэслэл их байгааг онцолжээ. Мөн халдвар авсан хүмүүсийн дийлэнхийнх нь өвчин хүндэрч эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, нас баралт өсөхөд аль аль талдаа бэлэн байх шаардлагатай болж байгааг сануулсан бөгөөд Германы эрх баригчид халдварын тархалтыг тогтоон барихын тулд бүхий л арга хэмжээг авч байна.
Хамгийн сүүлд Франц, Австри, Дани, Чех зэрэг Европын зарим улс орноос ирж байгаа хүмүүсээс коронавирусний сөрөг хариутай шинжилгээтэй ирэхийг шаардаж байна. Мөн жуулчдыг 10 хоногийн хугацаатайгаар ажиглан тусгаарлалтад албадан оруулахаа мэдэгджээ. Польшид хоногт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 35 мянга давсан нь цар тахал эхэлснээс хойш 24 цагийн хугацаанд батлагдсан хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улсын эрх баригчид үүнтэй холбоотойгоор хорио цээрийн нэмэлт арга хэмжээнүүдийг авахаа зарлаад байгаа юм. Унгарт мөн халдварын батлагдсан тохиолдлын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.