ОХУ-ын Ерөнхийлөгч Путин коронавирусний вакцин хийлгэсэн зовуурь илрээгүй гэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин коронавирусний вакцин хийлгэсэн зовуурь илрээгүй гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин коронавирусний вакцин хийлгэсэн нь Орост төдийгүй гадаадын орнуудад олны анхаарлыг ихээхэн татсан билээ. Тэрбээр вакцин хийлгэхдээ бусад улс орны тэргүүн нарын адил камерын өмнө суугаагүй, мөн ямар вакцин хийлгэснээ зарлаагүй юм. Тэгвэл “Москва.Кремль.Путин” нэвтрүүлгийн хөтлөгч олны сонирхож буй асуултуудыг тавьжээ. 

- Владимир Владимирович, та коронавирусний вакцин тариулсан. Вакцин тариулсан хүн бүрт өөр өөр гаж нөлөө илэрч, зарим нь мөр, зарим нь тариулсан хэсэгт өвдөж, зарим хүн халуурч байсан. Танд ямар зовуурь илэрсэн  бэ? 

- Бараг ямар ч зовуурь илрээгүй дээ. Тариулснаас хойш эхний таван цагт ямар ч өөрчлөлт гараагүй, харин дараа нь вакцин хийлгэсэн зүүн гараа өргөхдөө өвдөлт биш таагүй мэдрэмж мэдэрсэн. Одоо ч тэр хэсгээ дарахад үл ялиг мэдрэгдэж байгаа. Ийм л зовуурь илэрсэн. Юмыг яаж мэдэх вэ гээд унтахдаа халуун хэмжигч шүүгээндээ хийсэн. Өглөө сэрэхэд бие жаахан тавгүй байсан, халуунаа хэмжихэд хэвийн байсан. Гурав хоног спортоор хичээллээгүй, хоккей тоглоогүй, зааланд ч очоогүй, усанд ч сэлээгүй. Харин дөрөв дэх хоногоос халуунаа хэмжихэд бүх зүйл хэвийн байсан тул халуун усанд орсон. Би бараг өдөр бүр халуун усанд ордог. Хэрэв ванн байхгүй бол би хүйтэн, халуун шүршүүрт ордог. Ташрамд хэлэхэд би үүнийг зөвлөж байна. Энэ бол хамгийн энгийн боловч маш үр дүнтэй, миний бодлоор бол дархлаа сайжруулах үйлчилгээтэй.

-Олон орны удардагчид гэрэл зурагчид, зураглаачид, сэтгүүлчдийн өмнө  вакцин хийлгэсэн. Гэтэл таны вакцин тариулж байгаа нэг ч  зураг байдаггүй. Яагаад?

-Бид хэн нэгнийг сармагчин шиг дуурайх ёстой гэж үү? Хэн нэгэн хаа нэгтээ хийж буй үйлдлийг заавал хийх ёстой гэж үү? Магадгүй хэн нэгнийг хуурах хэрэгтэй байсан бол үүнийг хийх шиг амархан зүйл байхгүй. Тариур харуулаад л түүнд тараг, жүржийн шүүс хийгээд л шахчихаж болно шүү дээ. Мэдээж би тоглож байна л даа. Хүн хуурмаар байгаа бол амин дэм ч тариулчихаж болно. Гэхдээ вакцин бол маш чухал асуудал, бүр зайлшгүй шаардлагатай. Хүн өөртөө итгэлтэй байж, өвдөхийг хүсэхгүй, өвчин хүндрэхээс сэргийлэхийг хүсэж байгаа бол вакцин хийлгэх нь зүйтэй. Вакцин хийлгэхээс өмнө миний халууныг хэмжсэн, мэдээж хүн болгоны л халууныг хэмжиж байгаа. Архаг хууч өвчтэй хүмүүс эмч мэргэжилтэнтэй урьдчилан зөвлөлдөх нь дээр. Гэхдээ манай вакцинуудын хувьд ямар нэг эсрэг заалт байхгүй гэж бодож байна. Хүнд өвчтэй хүмүүс вакцин тариулаад бие нь хэвийн байгааг би маш сайн мэдэж байна. Улсын бүртгэлд авсан манай гурван вакциныг тариулсны дараа ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй л байна.  Бид вакцинтай болсон. Манай вакцинууд үр дүнтэй, найдвартай, аюулгүй. Манай улсад 6 сая гаруй хүн вакцинд хамрагдсан байгаа нь маш зохистой үзүүлэлт юм. Тэдгээрээс 4 сая гурван зуу нь хоёр дахь тунгаа тариулчихсан байгаа. Энэ бол статистикийн мэдээ. Бурхны авралаар, одоогоор манайд вакцинаас үүдэлтэй ноцтой гаж нөлөө илрээгүй байна.

-Хүмүүсийн намайг асуугаасай гэж хүсэж байгаа асуултыг би асуухгүй байж чадахгүй нь. Та ямар вакцин тариулсан бэ?

-Манай улсын гурван вакцины нэгээр. Би хамт ажилладаг хүмүүстээ ч энэ талаар ярихгүй байхыг хүссэн. Яг үнэндээ би тэдэнд ч хэлээгүй. Зөвхөн надад хийсэн эмч л мэдэж байгаа. Татьяна Алексеевна Голикова, Попова нар ч мэдэхгүй, би хэнд ч хэлээгүй. Манай дотоодын гурван вакцины нэгээр тариулсан, эдгээр вакцинууд чанарын хувьд бүгд ижил. 

-Сүүлийн асуулт, та дархлаа бүрэн тогтож, эсрэг биет үүссэний дараа томоохон арга хэмжээ, айлчлал төлөвлөсөн гэсэн. Харин бид улс орноороо хэзээ хязгаарлалтуудаа цуцлах вэ?

-Хязгаарлалтуудыг цуцална. Энд бид мэргэжилтнүүдийнхээ үгийг л сонсох ёстой. Хүн амын дунд дархлаа тогтсоны дараа хязгаарлалтуудаа цуцална гэдгийг аль эрт хэлсэн. Үүний тулд насанд хүрсэн иргэдийнхээ 70 орчим хувийг вакцинжуулах шаардлагатай. Одоогийн хурдаар явбал бид зуны эцэс гэхэд ийм үзүүлэлтэд хүрнэ гэж бодож байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.