“Ever Given” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцыг гүехэн уснаас гаргаж чадсан
Суэцийн сувгийн хөдөлгөөнийг хаасан “Ever Given” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцыг гүехэн уснаас гаргаж чадсан тухай далайн үйлчилгээ үзүүлэгч "Inchcape Shipping" компани мэдээлжээ.
"Bloomberg" агентлагийн мэдээлж буйгаар, усан замын хөдөлгөөнийг хэр хурдан сэргээх нь одоогоор тодорхойгүй байна. Үүний зэрэгцээ сувгийн захиргааны дарга Усама Рабиа чингэлэг тээвэрлэгчийг гүехэн уснаас бүрэн гаргаагүй байгаа гэж “The Wall Street Journal” сонинд мэдээлжээ. Чирэгч онгоцууд одоо хөлөг онгоцны чиглэлийг тэгшлэхийг оролдож байгаа гэнэ. “Энэ бол сайхан мэдээ. Бид хараахан дуусаагүй байгаа боловч хөлөг онгоц байрнаасаа хөдөлсөн” гэж Рабиа хэлсэн байна.
220 мянган тоннын усан түрцтэй, 400 метрийн урттай уг хөлөг онгоц Японы “Shohei Kisen” компанид харьяалагддаг бөгөөд Панамын далбаан дор явдаг байна. Гуравдугаар сарын 23-нд хүчтэй салхи, шороон шуурганы улмаас хөлөг онгоц хайргадаж, Суэцийн сувгийн хөдөлгөөнийг хаасан юм.
“Bloomberg” агентлагийн тооцоолсноор, сувгийн хөдөлгөөн хаагдсаны улмаас дэлхийн эдийн засагт өдөрт 10 тэрбум орчим ам.долларын хохирол учирч байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.