Куба “COVID-19”-ийн вакцин гарган авсан хамгийн жижиг улс болж магадгүй
Сүүлийн хэдэн арван жилийн турш эдийн засгийн хямрал нүүрлээд буй коммунист засаглалтай Куба улс “COVID-19”-ийн вакциныг дотооддоо гарган авсан хамгийн жижиг орон болоход тун ойртоод байна гэж “France24” агентлаг мэдээлэв.
Кубад эдийн засгийн хямрал нүүрлэсний улмаас хүнс, парацетамол зэрэг нэн хэрэгцээтэй бүтээгдэхүүний хомдсол үүсээд байгаа ажээ. Гэвч тус улс нь “COVID-19”-ийн эсрэг тэмцэлд түүхэн амжилт үзүүлж магадгүй байна. Тодруулбал, дэлхий даяар эмнэлзүйн туршилтын сүүлийн үе шатандаа шилжээд буй 23 вакцины хоёрыг нь Кубад гарган авчээ.
Даваа гаргаас Кубад “COVID-19”-ийн хоёр дахь вакциныг эмнэлгийн олон арван мянган ажилтнуудад тарьж эхэлжээ. Хэдийгээр уг вакцины эмнэлзүйн туршилт хараахан дуусаагүй байгаа боловч ийнхүү вакцинжуулж эхэлсэн байна. Мөн эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шат нь үргэлжилж буй “Soberana 2” вакцинаар эмнэлгийн 150 мянган ажилтныг өнгөрсөн долоо хоногоос дархлаажуулж эхэлжээ.
“Бүрэн эрхт байдлаа хадгалахын тулд бидэнд өөрсдийн хүчээр гарган авсан вакцин хэрэгтэй. Есөн сарын хугацаанд бид вакцин хийх санаагаа эмнэлзүйн гуравдугаар шат хүртэл нь үргэлжлүүлээд байна” гэж Кубын “Finlay” эрүүл мэндийн хүрээлэнгийн доктор Винсенте Верес мэдээлжээ. Тэрбээр улс орныхоо вакцин гарган авсан хугацааг "гайхалтай" хэмээн тодорхойлсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.