АНУ-ын ерөнхийлөгч ажлын байр нэмэгдүүлэх 2 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцууллаа.
АНУ-ын ерөнхийлөгч Жозеф Байден улс орныхоо дэд бүтцийг нэмэгдүүлэх замаар ажлын байр бий болгох 2 их наяд америк долларын төлөвлөгөө танилцуулжээ. Үүнийг бүхэл бүтэн нэг үед оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт гэж цагаан ордны тэргүүн үзэж байна.
Хоёр их наяд долларын төлөвлөгөөнд он удаан жил ашиглагдсан автозам, гүүр, нисэх буудлуудыг засварлахаас гадна 2030 он гэхэд цахилгаан автомашинд зориулан 500 гаруй мянган цэгт цэнэглэх станцуудыг байгуулахаар тусгасан байна. Мөн энэхүү хөрөнгө оруулалт нь хиймэл оюун ухаан хөгжүүлэлтийг дэмжихээс гадна Америкийн бичил чип үйлдвэрлэгчид болон бусад үйлдвэрлэгчдийн хангамжийн сүлжээг өргөжүүлэхэд чиглэжээ. Үндсэндээ энэ хөтөлбөр АНУ даяар зам тээврийн дэд бүтцийг шинэчлэж, эрчим хүчний салбарыг байгальд ээлтэй болгон өөрчлөх, иргэдэд зориулсан нийгмийн үйлчилгээг сайжруулахад чиглэсэн юм байна.
Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден хэлэхдээ “Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш АНУ-ын хөдөлмөрийн зах зээлд оруулж байгаа хамгийн их хөрөнгө оруулалт. Энэ хөрөнгө оруулалт өндөр цалинтай олон сая ажлын байрыг бий болгож, эдийн засгийг өсгөх болно. Нөгөө талаар ойрын жилүүдэд Хятадтай өрсөлдөх олон улсын өрсөлдөөнд ялах боломжийг Америкийн талд авч ирэх юм.” гэсэн байна.
Байдены засаг захиргаа энэ хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд аж ахуй нэгжүүдийн татварыг 21 хувиас 28 хувьд хүргэн нэмэгдүүлэх юм байна. Энэ нь өнгөрсөн 3 дугаар сард батласан коронавирусний эсрэг эдийн засгаа дэмжих 1,9 их наяд ам.долларын багц хөтөлбөрийн дараах Байдены хоёрдох том төлөвлөгөө юм.
Гэхдээ Байдены энэ төлөвлөгөө Конгрессд дэмжлэг авах нь эргэлзээтэй юм байна. Америкийн хууль тогтоогчид эдийн засагт хөрөнгө оруулалт хэрэгтэй ч хөрөнгө оруулалтын хэмжээ, зарцуулах салбар, татвар өсөхөд нөлөөлөх зэрэгт болгоомжилж байгаа аж. Америкийн өндөр орлоготой иргэдээс авах татварыг нэмэгдүүлэх амлалт өгсөн Байден өндөр орлоготой цөөн хүнээс ихийг авахдаа биш цар тахлын улмаас бий болсон ядуурал, тэгш бус байдлыг бууруулахад чиглэсэн гэж тайлбарлаж байгаа.
Мөн энэхүү төлөвлөгөө нь ирэх найман жилийн хугацаанд хэрэгжих учраас зардал нь жил жилдээ жигд хуваарилагдаж, урт хугацаандаа Америкийн эдийн засагт дарамт учруулахгүй гэж үзэж байна. Нөгөө талаар Бээжинтэй худалдааны маргаан нь хурцдаж байгаа үед Америк их хэмжээний хөрөнгө оруулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа нь Хятадын өргөжин тэлэлтийн эсрэг чиглэсэн бодлого гэж шинжээчид үзэж байгаа юм..
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.