Ж.Байден эдийн засгийг дэмжих хоёр дахь төлөвлөгөөндөө юуг тусгав?

Ж.Байден эдийн засгийг дэмжих хоёр дахь төлөвлөгөөндөө юуг тусгав?

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эдийн засгийг дэмжих хоёр дахь төлөвлөгөөгөө пүрэв гарагт танилцуулсан билээ. 

Эхний төлөвлөгөөндөө цар тахлын үр дагавартай тэмцэхэд зориулж 1.9 их наяд ам.долларыг зарцуулахаар болсон бол энэ удаад дэд бүтцийг шинэчлэхэд зориулж 2 их наяд ам.долларыг зарцуулах юм.

Дональд Трампын хийсэн шинэчлэлийн хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 2017 онд бууруулж байсан бол Ж.Байден үүнийг нэмэгдүүлэх замаар томоохон бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх санал тавьжээ. Татварыг нэмэгдүүлэх тухай санал нь Ж.Байдены төлөвлөгөөг батлахад Конгресст хүндрэл учруулна гэж шинжээчид үзэж байна.

Ж.Байдены танилцуулсан "ажлын байр бий болгох" төлөвлөгөөнд дэд бүтцийн зардлыг эрс нэмэгдүүлэхийг тусгажээ. Хоёр их наяд ам.долларын уг төлөвлөгөөний хүчин төгөлдөр хэрэгжих хугацаа нь найман жил юм. Энэхүү төлөвлөгөө нь 3 дугаар сарын эхээр Конгрессоос баталсан АНУ-ын эдийн засгийг дэмжих 1.9 их наяд долларын багц арга хэмжээний хэрэгжилтийг гүйцээнэ.

Цагаан ордны эдийн засгийг дэмжих шинэ багцын хүрээнд зам, гүүр, боомтуудад томоохон шинэчлэл хийхэд 621 тэрбум ам.долларыг зарцуулах аж. Харин иргэдийн өндөр хурдны интернетэд нэвтрэх, усан хангамжийг сайжруулах зэрэг амьдралын чанарыг сайжруулахад 650 тэрбум ам.доллар, аж үйлдвэрийг шинэчлэхэд 580 тэрбум ам.доллар, нийгмийн хэрэгцээнд зориулж 400 тэрбум ам.доллар зарцуулна.

"Улсын хөрөнгө оруулалтын ДНБ-д эзлэх хувь 1960-аад оноос хойш 40 гаруй хувиар буурсан. Энэ төлөвлөгөө нь сансрын өрсөлдөөнөөс хойших хамгийн том хөрөнгө оруулалт юм. Түүнчлэн судалгаа, хөгжүүлэлтийн салбарт ойрын өрсөлдөгчдөөсөө хоцрогдсон орчинд эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ёстой” гэж баримт бичигт дурджээ

Аж ахуйн нэгжүүдийн татварын хэмжээг 21-28 хувьд хүргэж нэмэгдүүлэх, оффшортой тэмцэх ажлыг эрчимжүүлэх замаар төлөвлөгөөний зардлыг нөхнө. Татварыг нэмэгдүүлэх тухай саналаа Ж.Байден томоохон корпорацуудад маш бага ачаалал ирдгээр холбон тайлбарлав.

“Гал сөнөөгчид, багш нар 22 хувийн татвар төлдөг бол “Amazon” тэргүүтэй 90 орчим том компани юу ч төлдөггүй. Үүнийг төгсгөл болгоно” гэж ерөнхийлөгч мэдэгдсэн байна. 

Мөн уул уурхайн компаниудад олгодог шатахууны татаасыг цуцалж, татвар төлж байгаа эсэхэд тавих хяналтыг чангатгах саналыг уг төлөвлөгөөндөө тусгажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.