Мьянмарын арми нэг сарын хугацаанд гал зогсоох санал тавьж байна.
Мьянмарын төрийн эрхийг булааж авсан арми төрийн эргэлтийг эсэргүүцэгч иргэд жагсагчдын талд зогсож байгаа үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг зэвсэгт тэмцлийг нэг сарын хугацаатай зогсоох санал тавьсан. Гэвч бодит байдал дээр жагсагчдын эсрэг армийнхны хүчирхийлэл зогсох төлөвгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд онцолж байна.
Жагсаал тэмцлийн хугацаанд Мьянмарт цэргийнхэн хүч хэрэглэсний улмаас 500гаруй энгийн иргэн амь насаа алджээ. Тус улс даяар өнөөдөр ч жагсаал тэмцэл үргэлжилсээр байгаа юм. Өчигдөр тус улсын хамгийн том хот Янгон болон бусад хотод бүлэг бүлэгт хуваагдсан жагсагчид цэргийнхний эсрэг дуу хоолойгоо илэрхийлжээ.
Харин Мьянмарын армийнхан жагсагчдыг дэмжиж, зэвсэгт хүчний эсрэг зогсож байгаа үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүдийн эсрэг агаараас цохилт өгч байна. Мөн зэвсэгт бүлэглэлүүдийг дарахын тулд Мьянмарын арми явган цэргийн бие бүрэлдэхүүнийг илгээжээ. Лхагва гарагийн шөнө Мьянмарын төрийн эрхийг булааж авсан армийн генерал хэрвээ үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүдээс дахиж гал нээхгүй бол пүрэв гарагаас эхлэн нэг сарын хугацаанд тэмцлийг зогсооно гэдгээ мэдэгджээ. Мөн тэрбээр зэвсэгт бүлэглэлүүдийг гал зогсоох хэлэлцээнд орохыг уриалсан байна.
Гэвч армийн генералын мэдэгдэлд жагсагчдын эсрэг хийж байгаа хүчирхийллийг зогсоох тухай үг дурдагдаагүй байна. Мьянмарт үндэсний цөөнхийн 20 орчим зэвсэгт бүлэглэл байдаг юм байна. Тэдний тав нь төр засгийн эрхийг барьж байгаа армийнхны эсрэг зэвсэглэн халдаж, энгийн иргэдийг хамгаалахын тулд армийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Хэрэв Мьянмарын арми энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэхээ зогсоохгүй бол үндэсний цөөнхийн зэвсэгт бүлэглэлүүдийн армийн эсрэг тэмцэл үргэлжлэх төлөвтэй болжээ. Энэ байдал хоёр талын зэвсэгт тэмцлийн галыг зогсоох армийн санал хэрэгжих эсэхийг бүрхэг болгож байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.