Москвад вакцины хоёр дахь тун хийлгэсэн 1000 орчим хүн халдвар авчээ.
ОХУ-ын нийслэлд КОВИД-19-ийн эсрэг вакцины хоёр дахь тун хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа халдвар авсан хүмүүсийн тоо нэг мянга орчим байна гэж Москва хотын Нийгмийн хөгжлийн төвийн хэвлэлийн алба Интерфакс агентлагт мэдээлжээ.
Энэ нь Москвагийн вакцин хийлгэсэн нийт оршин суугчдын 0.1 хувийг эзэлж байна. Ингэхдээ тэдний 76 хувь нь шинж тэмдэггүй эсвэл хөнгөн хэлбэрээр өвджээ. Вакцин хийлгэснээс хойш дархлаа тогтох явц тухайн хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр байдаг тул эмч нар вакцин хийлгэснийхээ дараа халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж байхыг анхааруулжээ.
Москва хотод нийтийн вакцинжуулалт 2020 оны арванхоёрдугаар сарын 4-нд эхэлжээ.
Цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд Москва хотод халдварын 1 026 740 тохиолдол бүртгэгдсэнээс 944 738 өвчтөн эдгэрч, 16 656 хүн энджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.