Суэцийн сувагт үүссэн түгжрэл арилжээ
“Ever Given” чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц Суэцийн сувагт хайргадан гацаж, хөлөг онгоцуудын хөдөлгөөнийг хаасны улмаас үүссэн түгжрэл арилжээ.
Усан замын хөдөлгөөн сэргэснээс хойших тав дахь өдөртөө буюу бямба гарагт хамгийн сүүлийн хөлөг онгоцууд Суэцийн сувгаар дайран өнгөрчээ.
Чингэлэг тээвэрлэгч 400 метрийн урттай “Ever Given” хөлөг онгоц гуравдугаар сарын 23-нд Суэцийн сувагт гацаж, 6 өдөр сувгийг хаажээ. Гуравдугаар сарын 29-нд хөлөг онгоцыг байрнаас нь хөдөлгөж чадсан хэдий ч сувгийн хоёр талд 422 хөлөг онгоц бөөгнөрөн зогсож, түгжирсэн байжээ.
Бямба гарагт нийт 4 сая тонн ачаа тээвэрлэсэн 85 хөлөг онгоц Суэцийн сувгаар дамжин өнгөрсөн байна. Үүнээс 61 нь “Ever Given” хөлөг онгоцтой холбоотой ослын улмаас нэвтрэх хэсэгт бөөгнөрсөн хөлөг онгоцууд байсан аж.
Суэцийн сувгаар дэлхийн нийт ачаа тээвэрлэлтийн 12 хувь нь дамжин өнгөрдөг бөгөөд нефть тээвэрлэх усан замын хамгийн ачаалалтай хэсгийн нэгд тооцогддог. Энэ сувгаар шингэрүүлсэн хий тээвэрлэдэг нийт хөлөг онгоцны 8 хувь нь дамжин өнгөрдөг бол жилд 19 мянга, хоногт 50 гаруй хөлөг онгоц дамжин өнгөрдөг байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.