АНУ вакцинд бүрэн хамрагдсан иргэдээ чөлөөтэй аялахыг зөвшөөрчээ
АНУ коронавирусний вакцинд бүрэн хамрагдсан иргэдээ чөлөөтэй аялахыг зөвшөөрч байна. Тус улсын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасан шинэчилсэн зөвлөмжид коронавирусний эсрэг хоёр тун вакцин хийлгэсэн иргэдийг улс орон дотроо чөлөөтэй зорчихыг зөвшөөрсөн байна.
АНУ-д Пфайзер, Бионтех, Модерна компанийн вакциныг хоёр тунгаар, Жонсон энд Жонсоны вакциныг нэг тунгаар хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа коронавирусний эсрэг бүрэн дархлаа тогтсонд тооцож байгаа юм.
Америкийн засаг захиргааны өмнө нь гаргасан зөвлөмжид дархлаажуулалтад бүрэн хамрагдсан байсан ч гадаад, дотоодод аялах, зорчихыг хориглож байсан.
Шинэ зөвлөмжийн дагуу дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэн дотоодын аяллаас ирээд өөрийгөө тусгаарлах шаардлагагүй, мөн очих газар нь шаардлага тавихгүй бол онгоцонд суухаас өмнө шинжилгээ өгөх шаардлагагүй болсон байна.
Харин гадаадад аялсан иргэн АНУ-д буцаж ирэхээсээ өмнө болон ирснийхээ дараа шинжилгээ өгөх журам хэвээр мөрдөгдөх юм байна. Гэхдээ гадаад улсаас ирээд тусгаарлагдах шаардлагагүй болох юм байна.
Мөн хоёр тун вакцин хийлгэсэн иргэн амны хаалт зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих дэглэмийг мөрдөнө. Үүний өмнөх журмаар дотоод орчинд цуглахдаа амны хаалт заавал зүүх шаардлагагүй байхаар зохицуулсан юм. Энэ зохицуулалт хэвээр мөрдөгдөх юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.