Иорданы хааны дүү юуны учир саатуулагдав.
Иорданы Гадаад хэргийн сайд Айман Сафади тус хаант улсын хэд хэдэн албан тушаалтныг баривчилсан шалтгаан нь тэд хунтайж асан Хамза бин аль Хусейнтэй хамтран улсын аюулгүй байдалд заналхийлсэн гэж тайлбарлажээ.
Өнгөрсөн бямба гарагт “Petra” мэдээллийн агентлаг Иорданы хааны тамгын газрын тэргүүн асан Басем Авадалла, хааны тусгай элч асан аш Шариф бин Зейд зэрэг хэд хэдэн албан тушаалтныг баривчилсан тухай мэдээлсэн. Ингэхдээ хааны эцэг нэгт дүү, хунтайж асан Хамза бин Хусейныг баривчилсан гэх мэдээллийг эх сурвалж дурдан үгүйсгэжээ.
Иорданы Зэвсэгт хүчин үүний дараа хааны эцэг нэгт дүү Хамза бин Хусейнээс хаант улсын аюулгүй байдалд заналхийлсэн үйлдлээ зогсоохыг шаардсан ба болсон хэрэг явдлын талаар дэлгэрэнгүй тайлбар хийгээгүй байна.
Хамза бин аль Хусейн гэрийн хорионд орж, хамгаалалтыг нь буулгасан тухай мэдээлсэн байна.
“Шалгалтаар Авадалла “гадаад дахь” сөрөг хүчинтэй холбоотой болохыг тогтоосон” гэж Гадаад хэргийн сайд Сафади хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Хунтайж Хамза Абдаллатай харилцаа холбоотой байсан гэж сайд тайлбарласан байна. Түүний хэлснээр, хунтайж асан болон баривчлагдаад буй албан тушаалтнуудын үйл ажиллагаа хаант улсын аюулгүй байдал болон тогтвортой байдлыг алдагдуулахад чиглэж байсан тул Иорданы Зэвсэгт хүчин тагнуулын албатай хамтран тэднийг урт хугацааны туршид мөрдөж байсан гэжээ. “Нөхцөл байдлыг бүрэн хяналтад аваад байгаа бөгөөд Иорданы төр эдгээр үйлдлийг “үр хөврөл” бүрэлдэх явцад нь таслан зогсоосон” гэж Сафади мэдэгдсэн байна.
Иорданы хаан II Абдулла би аль Хусейн 2004 онд өөрийн эцэгт нэгт дүү Хамзагийн угсаа залгамжлах эрхийг нь хасаж, өөрийн хүү Хусейнд угсаа залгамжлах хунтайж хэргэм зэргийг олгожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.