Венесуэл парламентын үйл ажиллагааг түр зогсоожээ.
Венесуэлийн парламент буюу Үндэсний ассамблей ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байсан хуралдаанаа коронавирусний цар тахлын улмаас хойшлуулах шийдвэр гаргажээ.
"Энэ долоо хоногт парламентад бүх комиссын уламжлалт хэлбэрийн хуралдааныг зохион байгуулахгүй. Гэсэн ч хуулийн төсөл батлах зайлшгүй шаардлагатай тохиолдолд хууль тогтоогчдыг оролцуулсан хуралдаан хийж магадгүй" хэмээн парламентын дарга Хорхе Родригесийн мэдэгдэлд дурдсан байна.
Дөрөвдүгээр сарын 5-наас долоо хоногийн хугацаатай хатуу хөл хориог ээлжит удаагаа сунгах шийдвэр гаргасан тухайгаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өмнө нь мэдэгдсэн юм. Коронавирусээр халдварлах тохиолдол нэмэгдсээр буйтай холбогдуулан хатуу хөл хориог сунгасан аж.
Венесуэлд нэг өдөрт илэрсэн халдварын хамгийн олон тохиолдол өнгөрсөн долоо хоногт бүртгэгджээ. Тус улсад цар тахал дэгдэж эхэлснээс хойш 166 123 тохиолдол бүртгэгдэж, халдварын хүндрэлийн улмаас 1644 хүн нас баржээ.
Венесуэл хоёрдугаар сарын 18-наас иргэдээ Оросын "Спутник V" вакцинаар дархлаажуулж эхэлсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.