Японд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулж байна
Японы Засгийн газар төрийн албан хаагчдын тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг парламентад өргөн барихаар төлөвлөж байна гэж тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгдэв.
"Өсөн нэмэгдэж буй бэрхшээлтэй хөл нийлүүлэн алхахын тулд тэтгэврийн насыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Бид холбогдох хуулийн төслүүдийг танилцуулахаар бэлтгэж байна" гэж тэрбээр парламентын доод танхимын нэгэн хорооны хурлын үеэр мэдэгджээ.
Хүн амын хөгшрөлт Японы нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн байгууллагуудынх нь албан ёсны мэдээллээр, тус улсын 71 хүртэлх насны эрчүүд, эмэгтэйчүүдийн хувьд 74 хүртэл насныхан эрч хүчтэй, ажиллах чадвартай хэвээр байгаа аж. Японы Засгийн газар хижээл насны хүмүүсийг хөдөлмөрийн чухал нөөц гэж үздэг.
Одоогийн байдлаар тус улсад тэтгэврийг 65 нас хүрсний дараа олгож байна. Гэхдээ япончууд 60-70 насны хооронд хүссэн үедээ гавьяаныхаа амралтыг эдлэх эрхтэй ажээ. 65 наснаас өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг тодорхой хэмжээгээр бууруулдаг бөгөөд 65 наснаас хойш үргэлжлүүлэн ажиллавал сар бүрийн тэтгэмж нэмэгддэг байна. Харин одоо албан ёсоор тэтгэвэрт гарах насыг таван жилээр нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд ингэхдээ нэмэгдэл тэтгэмжийг мөн нэмэгдүүлэх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.