АНУ-д “AstraZeneca” вакцины үйлдвэрлэлийг зогсоожээ

АНУ-д “AstraZeneca” вакцины үйлдвэрлэлийг зогсоожээ

АНУ-ын эрх баригчид Балтимор дахь эмийн үйлдвэрт “AstraZeneca” вакцины үйлдвэрлэлийг зогсоожээ. Учир нь “Emergent BioSolutions” үйлдвэрт “AstraZeneca” болон “Johnson & Johnson” вакцины орцыг хольсны улмаас 15 сая тун вакцин хэрэгцээгүй болсон байна. Тиймээс “Emergent BioSolutions” үйлдвэр зөвхөн “Johnson & Johnson” вакциныг үйлдвэрлэхээр болжээ.

“The New York Times” хэвлэлд мэдээлснээр, “AstraZeneca” компани вакцинаа үйлдвэрлэх өөр үйлдвэр хайх тал дээр АНУ-ын эрх баригчидтай хамтран ажиллаж байна.

АНУ-д одоогийн байдлаар “Pfizer/BioNTech”, “Moderna” болон “Johnson & Johnson” зэрэг гурван компанийн вакцинд зөвшөөрөл олгоод байгаа юм. “Pfizer/BioNTech”, “Moderna” компаниуд төлөвлөгөөний дагуу нийлүүлэлтээ хийж байгаагаас “Pfizer” төлөвлөгөөгөө даван биелүүлж байгаа бол “Moderna” компани төлөвлөгдсөн 15 сая тун вакцины 10 саяыг нийлүүлэх зөвшөөрөл хүссэн байна.

Үүнээс өмнө АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи “AstraZeneca” вакциныг АНУ-д хэрэглэх шаардлага гарахгүй гэж мэдэгдэж байсан билээ. Тус компанийн вакцин АНУ-д зөвшөөрөл хараахан аваагүй байгаа юм.

ЕХ-ны зарим улс орнууд “AstraZeneca” вакцин хийлгэсэн хүмүүст цусны бүлэгнэлт үүссэн тохиолдол бүртгэгдэж буй тул тус вакцин хэрэглэхийг түр зогсоогоод байна. Хамгийн сүүлд Их Британид “AstraZeneca” вакцин хийлгэсэн долоо хүн цусны бүлэгнэлт үүссэний улмаас нас барсан тохиолдол гарчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.