Японы Ерөнхий сайд коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэжээ.

Японы Ерөнхий сайд коронавирусний вакцины хоёр дахь тунг хийлгэжээ.

 Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ "Pfizer" компанийн коронавирусний вакцины хоёр дахь тунг өнөөдөр хийлгэсэн тухай “NHK” телевиз мэдээлжээ.

Энэ сарын эхээр АНУ-д хийх айлчлалынхаа өмнө шаардлагатай бүхий л урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах үүднээс вакцин хийлгэх шийдвэр гаргаснаа Японы Ерөнхий сайд урьд нь мэдэгдсэн билээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 16-нд Вашингтон хотноо АНУ-ын шинэ Ерөнхийлөгчтэй уулзах бөгөөд Жо Байдентай Цагаан ордонд биечлэн уулзсан гадаадын анхны удирдагч болох юм.

Одоогийн байдлаар Японд эмнэлгийн 4.8 сая ажилтан эхний ээлжид вакцин хийлгэж байгаа юм. Эрүүл мэндийн салбарынхныг тавдугаар сард вакцинжуулж дуусах төлөвтэй байна. Үүний зэрэгцээ тус улсын эрх баригчид дөрөвдүгээр сарын 12-ноос 65-аас дээш насны 36 сая орчим иргэнээ вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байгаа бол бусад хүн амыг тавдугаар сараас вакцинд хамруулах аж. 

Гуравдугаар сарын 31-ний байдлаар Японд 1.3 сая орчим хүн вакцин хийлгэжээ. Үүнээс ердөө 125 мянга нь хоёр тунг хоёуланг нь тариулсан байна. 

Японы эрх баригчид "Pfizer-BioNTech"-ийн коронавирусний вакциныг эх орондоо хэрэглэх зөвшөөрлийг хоёрдугаар сард олгосон юм. Одоогоор мөн Их Британи-Шведийн "AstraZeneca" болон Америкийн "Moderna" компани вакцинаа Японд бүртгүүлэх хүсэлтээ өгчээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.