“Nikon” толин камерын үйлдвэрлэлээ зогсооно.
Өндөр чанарын зургийн аппарат, бусад оптик тоног төхөөрөмж гаргадаг Японы “Nikon” компани толин камерын үйлдвэрлэлээ бүрэн зогсоохоор болжээ.
Компани толин камерын үйлдвэрлэлээ Тайланд дахь үйлдвэртээ шилжүүлж, Япон дахь үйлдвэртээ зөвхөн сэлбэг хэрэгсэл, солигддог линзээ үргэлжлүүлэн гаргана. Ийм шийдвэр гаргасан нь илүү өндөр чанарын камертай ухаалаг гар утаснууд гарч ирснээр толин гэрэл зургийн аппаратын эрэлт хэрэгцээ буурсантай холбоотой аж.
Япон улсад дижитал зургийн аппаратын борлуулалтын хэмжээ 2012 онд 1 их наяд 468 тэрбум иен байснаас 2020 онд 420 тэрбум иен болтлоо буурчээ. Ялангуяа “Nikon” компанийн алдартай толин камерын үйлдвэрлэл буурсан байна. Гуравдугаар сарын 31-нд дууссан санхүүгийн жилд борлуулалт нь 24 хувиар буурснаар "Nikon" компанид зардлаа бууруулах хэрэгцээ шаардлага хурцаар тавигджээ.
Одоогоор Япон улсад дижитал камерын борлуулалтын хэмжээгээр зах зээлийн 36.8 хувийг хянадаг “Canon” корпорац тэргүүлж байна. Хоёрдугаарт 19.5 хувиар "Sony” жагсаж байгаа бол “Nikon” компани 12.6 хувиар гуравдугаарт бичигдэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.