Унгарын ганц сүмоч Аттила зодог тайллаа
Өнгөрсөн Хаврын тэмцээний дараа Унгарын анхны сүмоч Масүтоо хэмээх Тот Аттила 36 настайдаа зодог тайллаа. Аттилад Барүто, Котоошюү нар шиг Европын цолтой, том бөх болно гэж дэвжээ нь итгэж найдаж байсан ч гэмтэл бэртэл зэрэг олон шалтгааны улмаас макүшитагийн 8-аас дээш гарсангүй.
Түүний жинхэнэ нэр болох Аттила нь Хүннүгийн Тэнгэрийн ташуур гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила хаанаас авсан нэр юм.
Масүтоо таван настайгаасаа чөлөөт бөх барилдсан. Дотоодын маш олон тэмцээнд түрүүлж байсан. Сонирхогчдын сүмо бөхийн тэмцээнд 13 настайгаасаа оролцож, Европын аварга болж байсан бөх юм. 2004 оны сонирхогчдын сүмо бөхийн залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд оролцож, үнэмлэхүй жинд Готаро Савайд (озэки Гойэйдо) ялагдан, үзүүрлэж байлаа. Мөн хүнд жинд хүрэл медаль хүртсэн юм.
Энэ үеэс түүнийг Японы мэргэжлийн сүмо бөхийн шинжээчид сонирхон, Чиганоүра ояката түүнийг 2005 онд дэвжээндээ авч чаджээ. Европоос ирсэн бөх гэдэг утгаар нь Европын ханз орсон Масүтоо нэр өгсөн байна. 2005 оны нэгдүгээр сарын башёд тэр мэргэжилд анх барилдаж эхэлсэн бөгөөд өрсөлдөгч Савай нь мөн тэр башёд мэргэжлийн сүмоч болсон юм. Мэргэжилд ч тэр Гоэйдог ялж чадаагүй, хол хоцорсон.
Оякатагийн найдаж байсанчлан хурдан дээш дэвшсэнгүй. Санданмэ, макүшитагийн хооронд өгсөж, уруудсаар 2010 оноос харин макүшитад тогтвортой барилдаж эхэлсэн. 2012 оны нэгдүгээр сарны тэмцээнд баруун хөлөө хугалж, бараг нэг жил эмчлүүллээ. Банцүкэ нь жонокүчи хүртэл унажээ. Харин эргэн ирсэн 2012 оны 11 дүгээр сарын тэмцээнд жонокүчид түрүүлсэн нь түүний мэргэжлийн сүмо дахь цорын ганц түрүү юм.
2019 оны есдүгээр сард 33 настайдаа макүшитагийн барууны наймд бичигдэж, хамгийн том амжилтаа гаргасан ч цаашдаа амжилтгүй барилдсаар санданмэ зиндаанд зодог тайллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.