Шинэ Зеланд, Австрали улсууд харилцан хилээ нээнэ

Шинэ Зеланд, Австрали улсууд харилцан хилээ нээнэ

Шинэ Зеланд болон Австрали улс харилцан хилээ нээхээр төлөвлөж байна. Энэ сарын 19нөөс эхлэн Австрали, Шинэ Зеландын иргэд хорио, хязгаарлалтгүйгээр харилцан зорчихыг зөвшөөрөх юм байна.

Австрали улстай удаан хүлээгдсэн аяллыг нээснээр цар тахлыг хяналтдаа байлгахын зэрэгцээ, улс орны эдийн засгийн өсөлтөд түлхэц болно гэж Шинэ Зеландын ерөнхий сайд мэдэгджээ. Хөрш орнуудын хил нээгдсэнээр цар тахлын үед тусгаарлагдсан гэр бүлүүд нэгдэх, санхүүгийн хохирол амсаж байгаа аялал жуулчлалын компаниудад сайн мэдээ болж байна.

Энэ талаар Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн “Эрүүл мэндийн салбарынхан аль аль талынхаа цар тахлын нөхцөл байдлыг тогтмол хянана. Хэрвээ коронавирусний халдварт тохиолдлын тоо өсвөл тодорхой хугацаанд нислэг хойшлуулах гэх мэт шинэ хязгаарлалтуудыг сэргээн тогтоох болно. Харилцан зорчиж байгаа иргэд тухайн орон нутгийн цар тахлын эсрэг заавар зөвлөмжийг заавал дагах, биед нь шинж тэмдэг илэрч байгаа эсэхийг тогтмол хянах, зорчихоосоо өмнө шинжилгээ өгөх, ирснийхээ дараа өөрийгөө тусгаарлах, нөхцөл байдлаас шалтгаалаад 14 хоног хүртэлх хугацаанд тусгаарлаж ч магадгүй учир эрсдэлээ тооцох ёстой гэсэн зөвлөмж өгөх юм.” хэмээн хэлсэн юм.

Харин Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон “Манай улсад хилээ нээхээр шийдвэрлэсэн Шинэ Зеландын засгийн газарт талархаж байна. энэ бол хоёр ард түмэнд аль алинд нь үр ашгаа өгөх шийдвэр юм. үүний үр дүнд гэр бүлүүд хайртай хүмүүстэйгээ эргэн нэгдэхээс гадна манай улсад ажлын байр нэмэгдүүлэх, аялал жуулчлал, агаарын тээврийн салбарыг сэргээхэд чухал түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байна.” хэмээн онцолсон байна.

Өмнө нь Австрали улс Шинэ Зеландын иргэдийг хөл хорихгүйгээр зорчихыг зөвшөөрсөн ч Шинэ Зеландын засгийн газар урьдчилан сэргийлэх үүднээс Австралид зорчих иргэдээ аяллаас ирээд хоёр долоо хоног тусгаарлагдах шаардлага тавьж байсан юм. Шинэ Зеланд, Австрали хоёр нь хилээ хааж, гаднаас ирэх иргэдэд хөл хорионы хатуу шаардлага тавих замаар цар тахлын дэгдэлтийг амжилттай зогсоосон. Гэхдээ Шинэ Зеландын ерөнхий сайд хилийн гаднаас вирус тээвэрлэгдэж ирэх тохиолдол байгаа учраас сонор сэрэмжээ сулруулахгүй гэсэн байр суурьтай байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.