Англид ирэх 7 хоногт хөл хорионы дэглэмийг сулруулна,

Англид ирэх 7 хоногт хөл хорионы дэглэмийг сулруулна,

Англид коронавирусний хөл хорионы дэглэмийг төлөвлөсний дагуу 4 дүгээр сарын 12-ноос сулруулна гэж Британийн ерөнхий сайд Борис Жонсон мэдэгджээ. Англид цар тахлын халдварын тархалт буурч, вакцинжуулах үйл явц хурдтай явж байгаатай холбогдуулан, хөл хориог төлөвлөсний дагуу сулруулахаар болсон байна.

Харин Шотланд, Уэльс, Хойд Ирландад Англитай төстэй боловч арай өөр дүрэм журам мөрдөж байна. Хөл хориог сулруулснаар Англид дэлгүүр худалдааны байгууллагууд, ресторан хоолны газрууд болон үсчний газар нээгдэх юм байна. Харин дотоод орчинд үйл ажиллагаа явуулдаг театр, кино театр зэргийг ирэх 5 дугаар сараас нээх эсэхийг шийдэх юм байна.

Британи улс өнөөдрийн байдлаар хүн амынхаа 47 хувь буюу 31 сая гаруй хүнийг коронавирусний вакцины эхний тунд хамруулжээ. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн 10 хүн тутмын зургаа нь нэг тун вакцин хийлгэжээ. Англид өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр хөл хорионы дэглэм тогтоосон. Харин хөл хорио тогтоож, вакцинжуулалт эхэлснээс хойш Британи улсад цар тахлын халдварт тохиолдол тогтмол буурсаар, сүүлийн үед өдөрт 4000-аас хэтрэхгүй байна. Өмнө нь коронавирусний халдварт тохиолдол тус улсад өдөрт 60гаруй мянгад хүрч байсан. Өнгөрсөн сард тус улсад сургуулийн хичээл эхэлсэн. Мөн гэртээ байх хязгаарлалтыг ч гэсэн сулруулсан юм.

Үүнтэй холбогдуулан ИБУИНХУ-ын Ерөнхий сайд Борис Жонсон “Хөл хориог сулруулсан ч гэсэн болгоомж, сэрэмжээ алдаж болохгүй. Цар тахлын байдлыг шат шатандаа хянаж, хязгаарлалтын дүрэм журмаа мөрдөх нь зүйтэй. Бид гараа угаах, цэвэр агаарт гарах гэх мэт дүрэм журмаа мөрдөж байж, удахгүй бүгд хамтдаа хэвийн амьдралдаа эргэн орно гэдэгт итгэж байна.” хэмээн хэлсэн юм.

Британийн засгийн газар мөн аялах,олон хүнтэй үйл ажиллагаанд оролцоход ковид19 цар тахлын халдвар тараахгүй гэсэн баталгаа болгох үүднээс вакцины паспорт системийг удахгүй туршихаар төлөвлөж байгаа юм байна. Мөн Британийн засгийн газар хөл хориог сулруулж, эдийн засгаа нээхтэй холбогдуулан бизнес эрхлэгчдээ дэмжих зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Дээд тал нь 10 сая паунд буюу 14 сая америк долларын зээлийг хүү 3-аас 14.99 хувь хүртэлх хүүтэйгээр, арилжааны банкны эх үүсвэрийг ашиглан компаниудад олгож, үндсэн зээлийн дүнгийн 80 хувьд нь засгийн газар нь батлан даах юм байна. зээлийг энэ он дуустал олгох юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.